Холливудын жүжигчин Сандра Буллок талийгаач хамтрагч Брайан Рэндаллыг өөд болсноос хойш хүүхдүүдээ хэрхэн өсгөж байгаа тухайгаа ховорхон ярьжээ. Өдгөө 61 настай жүжигчин 16 настай Луи Бардо, 14 настай Лейла гэх хоёр үрчилж авсан хүүхэдтэй бөгөөд тэднийг Брайан Рэндаллтай харилцаатай болохоосоо өмнө асран авч байсан юм. Харин дараа нь Рэндалл тэднийг албан ёсоор үрчилж авчээ.
Дөрвөн жилийн дараа кинонд эргэн ирж байна
Энэ жил Сандра Буллок ажлаасаа дөрвөн жил завсарласны эцэст “Practical Magic 2” киногоороо эргэн дэлгэцэд гарахаар болж байна. Түүний энэ урт хугацааны завсарлага нь хамтрагч, гэрэл зурагчин Брайан Рэндаллын өвчин болон нас баралттай холбоотой байжээ. 2023 онд Рэндалл хажуугийн амиотрофик склероз өвчний улмаас өөд болсон юм.
Буллокийн ярьснаар, Брайаныг нас барснаас хойш тэр бараг бүх цагаа хүүхдүүдтэйгээ өнгөрөөх болсон байна. Тэрээр CNBC Changemakers дээд хэмжээний уулзалтын үеэр: “Миний хүүхдүүд зураг авалтын үеэр амарч байсан болохоор би энэ кинонд тоглосон. Би хүүхдүүдтэйгээ өнгөрөөх цагаа золиослохгүй” гэж хэлжээ.
Хүүхдүүдээ нэн тэргүүнд тавьж байгаагаа онцлов
Жүжигчин цааш нь, “Намайг заримдаа хажуудаа байхгүй байхад тэд баярлах байсан байх. Гэхдээ би чадахгүй. Үнэхээр чадахгүй. Яг одоо хүүхдүүд маань хүнд байдалтай байж магадгүй, эсвэл тэдэнд ямар нэгэн зүйл хэрэгтэй байхад би дэргэд нь байж чадахгүй байна гэж бодохоор ажиллаж чаддаггүй” хэмээн ярьсан байна.
Мөн Сандра Буллок ганц бие ээж байна гэдэг амаргүй гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Түүний хэлснээр зураг авалтын үеэр ч “би яг одоо байх ёстой газартаа алга” гэх бодолтой одоо хүртэл тэмцдэг аж. Гэсэн ч тэр ийм мөчид өөртөө: “Бид 15 ажлыг нэгэн зэрэг хийж, бүгдийг нь амжуулж чадна” гэж сануулдаг байна.
Брайан Рэндаллыг тэр амьдралынхаа хайр гэж нэрлэж байв
Сандра Буллок 2015 онд гэрэл зурагчин Брайан Рэндаллтай үерхэж эхэлсэн. Тэдний харилцаа эхэлсний дараахан Рэндалл жүжигчний үрчилж авсан хүүхдүүдийг албан ёсоор өөрийн хүүхдүүд болгожээ.
2021 онд Буллок Red Table Talk нэвтрүүлэгт оролцохдоо дахин харилцаатай болсон тухайгаа анх удаа олон нийтэд нээлттэй хэлж байсан бөгөөд тухайн үедээ Брайаныг “миний амьдралын хайр” хэмээн нэрлэж байв.
Гэвч ердөө жилийн дараа тэр гэр бүлтэйгээ хамт байхын тулд карьераасаа түр завсарлага авна гэдгээ мэдэгдсэн юм. Рэндаллын гэр бүл түүний өвчнийг нас барах хүртэл олон нийтээс нууцалжээ. Харин 2023 оны наймдугаар сард Брайан өөд болсны дараа л Буллок хайртай хүн нь сүүлийн гурван жилийн турш БАС өвчинтэй тэмцэж байсан талаар ярьсан байна.