Жирэмсний цуурхал, хачирхалтай таамгуудын дунд жүжигчин, дуучны гадаад төрхийг дахин онилж эхэллээ
Селена Гомес дахин хүсээгүй шалтгаанаар олны анхаарлын төвд орлоо. Энэ удаа түүний нэр жирэмсний цуурхал, бүр “орлон тоглогчоор солигдсон” гэх хачирхалтай таамгуудтай хамт яригдаж байгаа төдийгүй, цахим орчинд зарим хэрэглэгч түүнийг гоо сайхны ажилбар хэтрүүлсэн, “ботокст донтсон” хэмээн буруутгаж эхэлжээ.
Rare Beauty брэндийг үүсгэн байгуулагч тэрээр саяхан өөрийн брэндийн арга хэмжээнд оролцсоны дараа жирэмсэн байж магадгүй гэх таамагт өртсөн байна. Гэвч үүгээр зогсохгүй, интернэт дэх шүүмжлэгчид өөр нэг бичлэгийг нь онцолж, Disney-гийн хуучин одын царай төрхийг нарийвчлан хэлэлцэж эхэлжээ. Тэдний зарим нь түүнийг “ботокс”-оос хэт хамааралтай болсон гэж үзсэн байна.
Энэ бүхний дунд нэгэн зөрчилтэй дүр зураг ажиглагдаж байна. Rare Beauty нь жинхэнэ төрх, өөрийгөө байгаагаар нь хайрлах үзлийг сурталчилдаг бол шүүмжлэгчид Селена Гомесыг “филлер, имплант”-аар төрхөө өөрчилдөг хэмээн дайрчээ. Үүн дээр нэмээд 2026 онд үсээ өөрчлөх, жин нэмэх төдийд л хуйвалдааны онол дагалддаг болсон мэтээр “жинхэнэ Селена байхгүй, өөр хүнээр сольсон” гэх яриа хүртэл дахин гарч ирэв.
Нэг богино бичлэгээс үүссэн шинэ маргаан улам ширүүсэв
Энэ удаагийн шуугиан энгийн нэгэн GIF богино бичлэгээс эхэлжээ. Rare Beauty-ийн зураг авалтын үеэр хийгдсэн тэр бичлэгт 33 настай Селена шингэн өнгөлөгчөө түрхэж байгаа нь л харагдсан байна. Гэвч цахим орчны зарим хэрэглэгч түүний царай өмнөхөөсөө эрс өөр болсон мэт харагдаж байна гэж шүүмжилжээ.
Нэг хэсэг нь энэ өөрчлөлтийг түүний чонон яр өвчинтэй холбон тайлбарлаж, хаванг өвчний онцлог эсвэл эмийн нөлөөтэй байж болно гэж үзсэн байна. Харин нөгөө хэсэг нь “ботокст донтсон” гэх байр сууриа улам хүчтэй илэрхийлжээ.
Сэтгэгдлүүд ч улам ширүүссэн байна. Нэг хэрэглэгч, “Түүний шанааны филлер эсвэл нүүрний имплант хийсэн хүн шүүхэд дуудагдах ёстой” гэж бичжээ. Өөр нэг нь, “Нэг нүд нь хялартчих гээд, нөгөө нүд нь бүрэн нээгдэхгүй байх шиг байна” хэмээн бичсэн байна. Харин илүү хатуу өнгө аястай сэтгэгдэлд, “Бенни Бланкогоос ч илүү муухай болж байна” гэжээ.
Мөн нэгэн шүүмжлэгч, “Түүний фенүүд бүгдээрээ ‘тэр чонон яртай’ гэсэн маргаанаа зогсоох хэрэгтэй. Тэр ямар нэг зүйл тогтмол хэрэглэж байгаа нь илт байна, дээрээс нь маш муу ажилбар хийлгэсэн нь тодорхой. Дуртай од чинь эрүүл бус зуршлын талаар шүүмжлэлээс чөлөөлөгдөхгүй. Зүгээр байгаасай гэж хүсэж байна, гэхдээ ямар нэг зүйл буруу байна” хэмээн бичжээ.
Өөр нэг хүн, “Энэ брэнд ‘байгалийн гоо үзэсгэлэн’-г зардаг атлаа сурталчилгаа нь огт байгалийн харагдахгүй байна” гэж шүүмжилсэн байна. Тэр байтугай “орлон тоглогч”-ийн онол дэвшүүлэгчид ч энэ маргаанд нэгдэж, тухайн GIF дэх эмэгтэйг “жинхэнэ Селенатай харьцуулахад нүүрний хувирал багатай хувилбар” хэмээн тодорхойлж, түүнийг 2018 оны завсарлагааны үеэр өөр хүнээр сольсон гэж хүртэл таамаглажээ.
Жирэмсний тухай цуурхал юунаас эхэлсэн бэ
Үүний зэрэгцээ цахим орчны өөр хэсэгт Селена Гомес нөхөр Бенни Бланкотойгоо анхны хүүхдээ хүлээж байна гэсэн яриа өрнөж эхэлсэн байна. Энэ таамаг түүнийг Rare Beauty-ийн шинэ тональ кремийн нээлтийн үеэр арга хэмжээ зохион байгуулсны дараа хүчтэй тархжээ.
Тэр өдөр Селена төмөрлөг ягаан өнгөтэй, ердийнхөөсөө арай сул загвартай богино даашинз өмссөн байсан бөгөөд үүний дараа ТикТок, X платформ дээр ойртуулж авсан зураг, бичлэгүүд маш хурдан таржээ. Зарим хэрэглэгч түүний гэдэсний хэсгийг онцолж, “жирэмсний товгор” анзаарсан хэмээн бичсэн байна.
Нэг хэрэглэгч бүр, “Селена Гомес жирэмсэн болжээ! Тэр чоно хөрвөс (Lupus) өвчнөөсөө болоод хүүхэдтэй болж чадахгүй байх гэж бодож байсан болохоор үнэхээр гайхалтай мэдээ байна, түүнд баяр хүргэе.” хэмээн нийтэлжээ.
Гэвч Селена өөрөө ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй бөгөөд нөхөр Бенни Бланко ч энэ талаар ямар нэгэн дохио өгөөгүй хэвээр байна.
Чонон ярын онош нь түүний төрх өөрчлөгдөх илүү бодит тайлбар байж болох юм
Селена Гомесын төрх өөрчлөгдөж байгаа асуудлыг зөвхөн “муу гоо сайхны мэс засал” эсвэл “нууц жирэмслэлт” гэж тайлбарлахаас өмнө түүний эрүүл мэндийн байдлыг санах хэрэгтэй. Only Murders in the Building цувралын од бүсгүй 2013 онд чонон яр өвчтэй гэж оношлогдсон бөгөөд 2015 онд үүнийгээ олон нийтэд ил болгосон. Түүнээс хойш тэр энэ өвчнийхөө талаар нээлттэй ярьсаар ирсэн юм.
Эмнэлгийн мэргэжилтнүүдийн тайлбарласнаар жингийн савлагаа, нүүр хавагнах, арьсны өөрчлөлт зэрэг нь энэ өвчний болон эмчилгээний нийтлэг нөлөө байж болно. Иймээс түүний төрх дэх өөрчлөлт бүрийг шууд ботокс, филлер эсвэл гоо сайхны хэт хэрэглээтэй холбох нь бодит нөхцөл байдлыг хэт хялбарчилж байгаа хэрэг гэж олон хүн үзэж байна.
Селена ч өмнө нь биеийн төрх шүүмжилсэн хүмүүст хандаж, өөрийн гадаад төрх эрүүл мэндийн байдлаасаа хамааран өөрчлөгддөг гэж тайлбарлаж байсан. Энэ нь тэр хэзээ ч ямар нэгэн жижиг ажилбар хийлгээгүй гэсэн үг биш байж болох ч бүх өөрчлөлтийг нь “дон” гэж тодорхойлох нь архаг өвчинтэй амьдрах бодит, төвөгтэй, шүүлтүүргүй үнэн төрхийг үгүйсгэж буйтай адил юм.

2 сэтгэгдэлүүд
Хүмүүс хэтэрхий их шүүмжилдэг юм аа
Ямар харагдах нь өөрийнх нь л асуудал шүү дээ