Сүүлийн нэг жилийн турш маргааны төвд байсан жүжигчин Сидни Суинигийн тоглосон хэсгийг “The Devil Wears Prada 2” киноны эцсийн монтажийн үеэр хассан талаар Entertainment Weekly дотоод эх сурвалжид тулгуурлан мэдээлжээ.
Суинигийн оролцсон зураг авалтын кадрууд 2025 оны дунд үеэр цахим орчинд тарсны дараа түүнийг кинонд тоглосон гэх яриа эрчимтэй тархсан юм. Мэдээлэлд дурдсанаар, жүжигчний оролцсон хэсэг киноны эхэнд ойролцоогоор гурван минут үргэлжлэхээр төлөвлөгдсөн байжээ. Тухайн хэсэгт Энди Саксийн дүрийг бүтээсэн Энн Хэтэуэй, Миранда Пристлигийн дүртэй Мэрил Стрип, мөн Найжел Киплингийн дүрд тоглосон Стэнли Туччи нар Dior-ын оффист очдог байна. Тэнд өмнө нь тэдний туслах байсан Эмили Чарлтон, өөрөөр хэлбэл Эмили Блантын дүр одоо тус брэндийн Америк дахь салбарыг удирдаж байгаа аж. Харин Суини өөрийнхөөрөө гарч ирэх бөгөөд Эмили түүнийг чухал уулзалтын өмнө хувцаслаж өгдөг од үйлчлүүлэгчийн дүртэй байсан гэжээ.
Студи үүнийг “бүтээлч шийдвэр” гэж тайлбарлажээ
Дотоод эх сурвалжийн мэдээлснээр, тус хэсгийг хассан нь “бүтээлч шийдвэр” байсан бөгөөд тухайн үзэгдэл киноны өгүүлэмжийн бүтцэд сайн нийцээгүй гэж үзсэн байна.
Гэсэн ч Суинигийн хэсгийг авч хаясан шийдвэр зөвхөн уран бүтээлийн шалтгаантай холбоотой биш байж магадгүй гэсэн таамаг ч гарчээ. Учир нь “Euphoria” цувралын од сүүлийн нэг жилийн хугацаанд хэд хэдэн шүүмжлэл, маргаанд нэр холбогдсон хэвээр байгаа юм.
2025 оны долоодугаар сард түүний тоглосон American Eagle брэндийн жинсэн өмдний сурталчилгаа хүчтэй маргаан дэгдээсэн. Уг сурталчилгаанд jeans болон genes гэсэн үгсийн ойролцоо дуудлагыг ашиглаж, “Сидни Суини гайхалтай генүүдтэй” гэсэн санааг гаргасан нь зарим хүний зүгээс эвгеник, цагаан арьстны давуу байдлыг сурталчилсан өнгө аястай гэж шүүмжлүүлэхэд хүргэсэн байна. Тэр тусмаа Суини цэнхэр нүдтэй, шаргал үстэй төрхөөрөө “норд” хэв шинжтэй гэж тодорхойлогддог, мөн Бүгд найрамдах намын үзэл баримтлалаа нээлттэй илэрхийлдэг нь энэ маргааныг улам хурцатгасан гэж үзжээ. Үүн дээр нэмэгдээд, тэрээр саяхан мөнөөх брэндтэй дахин хамтарсан нь шинэ шүүмжлэлийн давлагаа үүсгэсэн байна.
Шинэ шүүмжлэлүүдийн дараа нэр хүнд нь дахин ирмэг дээр ирэв
2026 оны дөрөвдүгээр сард Суини дахин нэг маргааны төвд оржээ. “Euphoria” цувралын гуравдугаар улирлын тизерт 28 настай жүжигчин соосогтой нярай хүүхдийн дүрслэлтэй, өдөөн хатгасан байрлалуудтай гарсан нь үзэгчдийн шүүмжлэлийг дагуулсан байна. Зарим фенүүд жүжигчин болон цувралын уран бүтээлчдийг хүүхдийн дүр төрхийг бэлгийн өнгө аястай болгосон, тэр ч байтугай педофилийг романтик байдлаар харуулсан байж болзошгүй гэж буруутгажээ.
Үүнээс өмнө, 2026 оны гуравдугаар сард Холливудын домогт од Ким Новак өөрийн намтарчилсан кинонд Суиниг өөрийг нь бүтээхийг эсэргүүцэж байсан тухай мэдээлэл гарсан. Тэрээр жүжигчин “үргэлж хэт бэлгийн өнгө аястай харагддаг” тул өөрийн болон Сэмми Дэвис Жуниортой холбоотой харилцааны гүн агуулгыг зөв гаргаж чадахгүй гэж үзсэн байна.
Мөн “Euphoria” цувралын гуравдугаар улирлын нээлтийн үеэр Лос-Анжелест Зендая Суинитэй хамт зургаа авхуулахаас татгалзсан гэх мэдээлэл тарсан бөгөөд үүнийг зарим ажиглагчид улс төрийн байр суурийн зөрүү болон жүжигчний маргаантай нэр хүндтэй холбон тайлбарлажээ.
