Компанийн зүгээс худал мэдээлэл, гүтгэлэг, бэлгийн дарамт, deepfake зэрэг үйлдлийг уран бүтээлчдийн хувийн амьдралд ноцтой хохирол учруулдаг гэв
SM Entertainment өөрийн уран бүтээлчдийг онилсон deepfake төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхдээ хатуу байр суурь баримталж байгаагаа албан ёсоор мэдэгдлээ.
Дөрөвдүгээр сарын 10-нд тус компани хэвлэлийн мэдэгдэл гаргаж, “Бид уран бүтээлчдийнхээ хувийн амьдралд ноцтой хохирол учруулж буй худал мэдээлэл тараах, нэр төрд халдах, бэлгийн дарамт үзүүлэх, deepfake контент бүтээх, хувь хүн лүү дайрах, доромжлох, хувийн нууцад халдах зэрэг үйлдлийн эсрэг хуулийн арга хэмжээ авч байна” гэжээ.
SM Entertainment хууль бусаар садар самуун агуулгатай хиймэл синтетик материал бүтээх, түгээх, хадгалах үйлдлийг “манай уран бүтээлчдийг бэлгийн агуулгаар доромжилж, доог тохуу болгож буй санаатай гэмт хэрэг” гэж тодорхойлсон байна. Мөн ийм контент нь өндөр түвшний эвлүүлэг ашиглан бодит мэт харагдуулдаг учраас уран бүтээлчдийн нэр хүнд, дүр төрхөд асар хүнд хохирол учруулдаг ноцтой зөрчил гэж онцолжээ.
Компанийн зүгээс, “Бид холбогдох нотлох баримтыг цуглуулж, гомдол гарган, мөрдөн шалгах байгууллагуудтай байнгын хамтын ажиллагаатай ажиллаж байна. Мөн шүүхээс хатуу ял шийтгэл оногдуулахыг идэвхтэй хүсэж байгаа” хэмээн мэдэгдсэн байна.
Deepfake хэрэгт холбоотой ихэнх этгээдийг илрүүлж, 12 хүнд хорих ял оноогоод байна
Энэ ажлын үр дүнд одоогийн байдлаар deepfake хэрэгт холбогдсон ихэнх сэжигтнийг илрүүлсэн бөгөөд Бэлгийн гэмт хэргийг шийтгэх тухай тусгай хуулийг зөрчсөн үндэслэлээр нийт 12 хүнд хорих ял оноожээ. Тэдгээр нь хуурамч дүрс бичлэг түгээх болон бусад холбогдох зүйл ангиудаар шийтгэгдсэн байна.
SM мөн, “Олон хэрэг үйлдэгч хууль бус синтетик материалыг нэрээ нууцлах боломж өндөртэй гадаадын сошиал платформуудаар дамжуулан түгээдэг. Гэсэн ч АНУ дахь хуулийн фирмүүдтэй хамтран ажиллаж, мөрдөн шалгах ажиллагааны шугамаар тэднийг мөн бүгдийг нь илрүүлсэн” гэж дурджээ. Мөн “Мөрдөн шалгах ажиллагаа одоо ч үргэлжилж байна” гэж нэмж мэдэгдсэн байна.
Тус компани төгсгөлд нь, “Ийм харамсалтай хэрэгт холбоотой болохоос зайлсхийхийн тулд хүн бүр онцгой анхааралтай байхыг хүсье” хэмээн уриаллаа.