Нүүр хуудас Дэлхийн шоу-бизнесСтивен Спилберг Тимоти Шаламегийн дуурь, балетын талаархи үгэнд хариу өглөө

Стивен Спилберг Тимоти Шаламегийн дуурь, балетын талаархи үгэнд хариу өглөө

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Найруулагч урлагийн жинхэнэ үнэ цэнийг онцлон тайлбарлав

Дэлхийд алдартай найруулагч Стивен Спилберг Тимоти Шаламегийн балет болон дуурийг үл тоомсорлосон мэт мэдэгдлийн талаар байр сууриа илэрхийлжээ. 79 настай найруулагчийн хэлсэн үг олон нийтийн анхаарлыг татаж, урлагийн үнэ цэний талаар дахин хэлэлцүүлэг өрнүүлэхэд хүргэсэн байна.

People сэтгүүлийн мэдээлснээр Спилберг гуравдугаар сарын 13-нд АНУ-ын Техас мужид болсон 2026 оны SXSW (South by Southwest) бага хуралд оролцож, кино урлагийн тухай илтгэл тавьжээ.

“Ижил мэдрэмжийг урлаг бидэнд өгдөг”

Тэрээр үзэгчид кино театрт хамтдаа кино үзсэний дараа төрдөг мэдрэмжийн талаар ярихдаа урлагийн бусад хэлбэрүүдийг мөн дурдсан байна.

Тэрээр: “Сайн кино үзсэний дараа бид бүгд кино театраас ижил мэдрэмжтэйгээр гарч ирдэг. Энэ туршлага зөвхөн кино эсвэл концерт дээр тохиолддог зүйл биш. Үнэндээ балет болон дуурь дээр ч бас яг адилхан мэдрэмж төрдөг” гэж хэлсэн бөгөөд танхимд суусан хүмүүсийн алга ташилтаар уг үгсийг угтжээ.

Шаламегийн үг маргаан дагуулсан

Спилбергийн энэхүү мэдэгдэл нь Тимоти Шаламегийн өмнө нь хэлсэн үгтэй холбоотойгоор гарсан гэж үзэж байна. Жүжигчин өмнө нь нэгэн уулзалтын үеэр “Хүмүүс сонирхдоггүй балет, дуурь зэрэг салбарт ажиллахыг хүсэхгүй байна” хэмээн хэлсэн нь шүүмжлэл дагуулсан юм.

Мөн тэрээр Мэттью Макконахи-тэй хамт оролцсон хэлэлцүүлгийн үеэр балет болон дуурийг “мөхөж буй урлагийн салбар” гэж тодорхойлсон нь олон хүний дургүйцлийг төрүүлжээ.

Дараа нь Шаламе “Би тэдгээрийг хүндэтгэдэг” гэж тайлбар хийсэн ч урлагийн салбарын олон төлөөлөгчид аль хэдийн шүүмжлэл илэрхийлсэн байв.

Урлагийн салбарынхан шүүмжилж байна

Домогт балетчин Мисти Копленд, алдарт тенор Андреа Бочелли, мөн Metropolitan Opera байгууллага хүртэл түүний үгийг шүүмжилсэн байна. Үүнээс гадна Холливудын одууд болох Вупи Голдберг, Жейми Ли Кёртис зэрэг уран бүтээлчид ч шүүмжлэлд нэгдсэн бөгөөд Спилбергийн үг энэ маргаанд улам их анхаарал татжээ.

Спилберг шинэ кино төслүүдээ танилцуулав

SXSW арга хэмжээний үеэр Стивен Спилберг өөрийн ирээдүйн уран бүтээлийн талаар мөн ярьсан байна. Тэрээр шинэ вестерн кино төсөл дээр ажиллаж байгаагаа хэлсэн бөгөөд уг бүтээлийг “маш хүчтэй кино болно” гэж тодорхойлжээ.

Мөн тэрээр удахгүй шинжлэх ухааны уран зөгнөлт Disclosure Day киноны найруулагчаар ажиллаж, кино 6-р сарын 12-нд нээлтээ хийхээр төлөвлөгдөж байгаа талаар мэдэгдсэн байна. Энэ нь The Fabelmans киноноос хойших түүний анхны томоохон төсөл юм. Шинэ кинонд Эмили Блант, Жош О’Коннор, Колин Фёрт зэрэг алдарт жүжигчид оролцох аж.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх