“The Hu” хамтлагийн хөгжимчин, хөөмийч, соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч Г.Нямжанцанд Монгол Улсын гавьяат жүжигчин (МУГЖ) цол хүртээхээр болсон талаар мэдээллээ. Тэрээр “The Hu” хамтлагийн уран бүтээл, тайзны тоглолтод өөрийн ур чадвар, өнгө аясаараа танигдаж, Монголын уламжлалт язгуур урлагийг орчин үеийн рок хэв маягтай уялдуулан олон улсын сонсогчдод хүргэхэд хувь нэмрээ оруулсаар ирсэн уран бүтээлчдийн нэг юм.
Энэхүү баярт мэдээг хамтлагийн ахлагч Ц.Галбадрах олон нийтэд хүргэж, Г.Нямжанцанд зориулсан баярын үгээ илэрхийлжээ. Тэрээр “Гал морин жилийнхээ босгон дээр Хү хамтлагийн залуусаа түүчээлэн төр түмэндээ хүндлэгдэж МУГЖ хэмээх эрхэм алдар цол хүртсэн эрхэм Г.Нямжанцан ахдаа халуун баяр хүргэе. Үргэлж дүү нартаа эрч хүч урам зориг хайрладаг хүчит ахдаа бүхий л сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Хү-гийн салхит шонхор минь улам өөдөө дүүлэн нис” гэжээ.
Г.Нямжанцанд МУГЖ цол хүртээх нь түүний уран бүтээлийн хөдөлмөр, тайзны ур чадвар төдийгүй соёлын биет бус өвийг өвлөн уламжлуулж, олон нийтэд таниулж ирсэн үйл ажиллагааг нь давхар үнэлж буй хэрэг гэж үзэж байна. Сүүлийн жилүүдэд “The Hu” хамтлаг дэлхийн олон тайзнаа тоглож, Монголын нэрийг гаргаж буй энэ үед хамтлагийн уран бүтээлчдийн нэгэнд төрийн дээд цол хүртээхээр болсон нь фенүүдийн дунд ч онцгой анхаарал татаж байна.