Уламжлалын дагуу энэ сарын 31-нд төв талбайд “Улаанбаатарын мөнгөн шөнө” шинэ жилийн цэнгүүн зохион байгуулагдана. Энэ удаагийн тоглолтод дэлхийд танигдсан The HU хамтлаг оролцож, он солигдох торгон мөчийг Монгол түмэнтэйгээ хамт угтахаар болсон талаар мэдээллээ.
The HU хамтлаг нь Монголоос анх удаа Billboard чартыг тэргүүлж байсан, мөн ЮНЕСКО-гийн “Энх тайвны элч” цол хүртсэн уран бүтээлчдийн нэгээр нэрлэгддэг. Тиймээс төв талбайн шинэ жилийн үдэш олон хүний анхаарлыг татах гол хэсэг нь тус хамтлагийн тоглолт байх төлөвтэй байна.
Хөтлөгчид тодорч, хөтөлбөр эцэслэгдээгүй байна
“Улаанбаатарын мөнгөн шөнө” цэнгүүнийг жүжигчин Э.Ууганбаяр, Э.Цолмонбаяр нар хөтлөхөөр болжээ. Харин тоглолтын бүрэн хөтөлбөр одоогоор эцэслэн батлагдаагүй бөгөөд холбогдох албаныхан хөтөлбөрийн нарийвчилсан мэдээлэл хараахан гараагүй байгааг дурдсан байна.