Америкийн жүжигчин, дуучин Женнифер Лопесын гэр бүлд хэвлэл мэдээллийнхний анхаарлыг татсан хувийн томоохон өөрчлөлт гарчээ.
Дуучин бүсгүйн Марк Энтонитой ханилж байхдаа төрүүлсэн, өдгөө 18 настай Эмма одоо Оскар Муньиз гэх нэрийг ашиглах болсон байна. Тэрээр сошиал сүлжээнд өөрийн хүйсийн баримжааг эрэгтэй хэмээн тодорхойлох нь олширчээ. Мөн түүний сургууль төгсөлтийн баримт бичигт нэрийг нь шинэ өөрчлөлтийнх нь дагуу албан ёсоор тэмдэглэсэн байна. Ойр дотнынхон нь энэхүү хувиргалтыг түүний эцсийн сонголт гэж хүлээн авч байгааг инсайдерууд онцолсныг Daily Mail мэдээлэв. Харин алдартны гэр бүлийнхэн энэ асуудлаар олон нийтэд албан ёсны тайлбар өгөөгүй байна.
Өөрчлөлт зөвхөн нэрээр хязгаарлагдсангүй. Түүний хувцаслалт болон гадаад төрх нь илүү эрэгтэйлэг, даруухан болж өөрчлөгдсөн байна. Цахим орчинд гарч буй шинэ гэрэл зургууд нь түүний хүйсийн баримжааны талаарх хэлэлцүүлгийг улам идэвхжүүлж байна. Гэсэн хэдий ч гэр бүлийнхэн нь Оскарыг бүх талаар дэмжсээр байгаа бөгөөд чухал арга хэмжээнүүдэд хамтдаа оролцсоор байгаа юм.
Женнифер Лопес, Марк Энтони нар хүүхдүүдийнхээ сонголтыг хүлээн зөвшөөрч, тэднийг дэмжих нь ямар чухал болохыг өмнө нь олон удаа онцолж байсан билээ. Тиймээс энэхүү шилжилт нь тэдний баримталдаг зарчмын үргэлжлэл болж байна.

