Холливудын алдарт хос Нью-Йорк дахь нэр хүндтэй ёслолд оролцов
Жорж болон Амаль Клуни нар удаан хугацааны дараа хамтдаа олон нийтийн арга хэмжээнд хүрэлцэн иржээ. Хосууд Нью-Йорк хотод болсон Чарли Чаплины нэрэмжит шагнал гардуулах 51 дэх удаагийн ёслолд оролцсон байна. Энэ удаагийн шагналын эзнээр жүжигчин Жорж Клуни тодорчээ.
Амаль Клуни Balenciaga брэндийн мини даашинзаар гоёжээ
48 настай Амаль Клуни улаан хивсэн дээр Balenciaga брэндийн мини даашинзтай гарч ирсэн байна. Уг загвар нь тус загварын ордны шинэ бүтээлч захирал Пьерпаоло Пиччоли-гийн зуны коллекцид багтсан бүтээл ажээ. Тэрээр алтлаг өнгийн гар цүнх болон ижил өнгийн өндөр өсгийтөөр гоёлоо чимж, тун ч эрхэмсэг, дэгжин төрхийг бүрдүүлжээ. Харин 64 настай Жорж Клуни шагналаа гардахаар сонгодог хар смокинг, эрвээхэй зангиатай иржээ.
Хосууд улаан хивсэн дээр ховорхон гардаг
Жорж болон Амаль Клуни нар улаан хивсний байнгын зочид биш юм. Тэд хамгийн сүүлд “Алтан бөмбөрцөг” шагнал гардуулах ёслолд хамтдаа оролцож, дараа нь афтепарти дээр харагдсан байна. Мөн хоёрдугаар сард хосууд Миланд болсон Олимпын наадмын үеэр олны нүдэнд өртсөн бол саяхан Амаль Клуни Cartier брэндийн гала үдэшлэгт ганцаараа оролцож, дэгжин төрхөөрөө анхаарал татсан юм.
Жорж, Амаль нар 2014 онд гэрлэжээ
Жорж Клуни хүний эрхийн хуульч Амаль Аламуддинтай 2014 онд гэрлэсэн билээ. Гэрлэснээсээ гурван жилийн дараа тэд ихэр хүүхэдтэй болсон бөгөөд хүүгээ Александр, охиноо Элла хэмээн нэрлэсэн байна. Сүүлийн жилүүдэд Клунигийн гэр бүл Италийн Комо нуурын ойролцоо амьдарч байгаа юм.