Сури Круз овгоо сольж, ээжийнхээ хоёр дахь нэрийг сонгосон байна
Том Круз болон Кэти Холмс нарын охин Сури эцгийнхээ овгоос албан ёсоор татгалзсан талаар Page Six мэдээлжээ. 20 настай Сури удаан хугацаанд харилцаа холбоо бараггүй болсон эцгийнхээ “Круз” овгийг хэрэглэхээ больж, ээжийнхээ хоёр дахь нэр болох Ноэлийг сонгосон байна.
Тэрээр баримт бичиг дээрээ овгоо яг хэзээ сольсон нь тодорхойгүй байгаа ч олон нийтийн өмнө хэдэн жилийн турш Сури Ноэль нэрээр өөрийгөө танилцуулж иржээ.
Эцэг, охины харилцаа олон жилийн өмнөөс холдсон
Том Круз, Кэти Холмс нар 2006 оны дөрөвдүгээр сард Суриг өлгийдөн авч, үүнээс долоон сарын дараа гэрлэсэн. Гэвч тэдний гэрлэлт удаан үргэлжлээгүй бөгөөд хос 2012 оны наймдугаар сард, зургаан жилийн дараа салсан юм.
Салалтын дараа Сури ээж Кэти Холмстойгоо амьдрах болсон. Том Круз охиноо насанд хүртэл нь тэтгэлэг төлж байсан ч тэдний харилцаа бараг тасарсан гэж хэвлэлүүд мэдээлдэг.
Кэти Холмс охиноо хамгаалах байр суурьтай байсан
Эх сурвалжуудын мэдээлснээр, Кэти Холмс экс нөхрийнхөө шашны урсгалтай холбоотой идэвхтэй оролцоонд маш болгоомжтой ханддаг байсан. Тиймээс охиноо түүнээс хол байлгахыг хүссэн гэх мэдээлэл олон жил яригдаж ирсэн.
Одоо Сури өөрийн замыг сонгож, жүжигчний салбарт хүч үзэхээр бэлтгэж байгаа аж. Тэрээр тайзны уран бүтээлд оролцохоор ажиллаж буй гэж мэдээлжээ.
Том Крузын хувийн амьдрал дахин яригдав
64 настай Том Круз өмнө нь Николь Кидмантай гэр бүл байхдаа өргөж авсан насанд хүрсэн хүүхдүүдтэй. Түүний сүүлийн үед хамгийн их яригдсан хайр дурлалын холбоо нь өөрөөсөө 26 насаар дүү жүжигчин Ана де Армастай холбоотой байв.
Харин 47 настай Кэти Холмсыг саяхан өөрөөсөө 10 насаар дүү нэгэн зураачтай дотно харилцаатай байж магадгүй гэж хэвлэлүүд бичсэн байна.
Холливудын оддын хүүхдүүд овгоо солих нь дахин анхаарал татлаа
Сури Ноэлийн шийдвэр нь Холливудын алдартнуудын хүүхдүүд эцгийнхээ овгоос татгалзах тухай сэдвийг дахин сөхлөө.
Саяхан Брэд Питт, Анжелина Жоли нарын дуулиант салалтын дараа тэдний зарим хүүхэд Шайлогийн жишгээр эцгийнхээ овгийг хэрэглэхээ больсон гэх мэдээлэл гарсан. Ийм үед Суригийн шийдвэр ч олон нийтийн анхаарлын төвд орж байна.