“Херо” энтертайнментийн үүсгэн байгуулагч, найруулагч Б.Баатарыг эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж, 30 хоног саатуулан хорих шийдвэр гарсантай холбогдуулан “Тамгагүй төр” буюу “Монгол хаан” жүжгийн Гүргэл хатны дүрийг бүтээсэн жүжигчин О.Дөлгөөн цахим хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийллээ. Тэрбээр уг бүтээл нь зөвхөн уран бүтээлчдийнх биш, Монгол Улсын нэрийг дэлхийн тайзнаа манлайлан авч яваа түүхэн бахархал болохыг онцлон тэмдэглэжээ.
Олон улсын тайзнаа хүрсэн амжилт ба Бродвейг зорих аян
Жүжигчин О.Дөлгөөн 2020 онд уг жүжгийн сонгон шалгаруулалтад тэнцсэнээс хойшхи 6 жилийн хугацаанд тус уран бүтээл Монголдоо төдийгүй олон улсад хэрхэн амжилттай тоглогдсон талаар дурдсан юм. Тухайлбал, Лондон хотын 2400 хүний суудалтай театрт 17 өдөр тасралтгүй тоглогдсоноос гадна Япон, Сингапур, Орос зэрэг орны үзэгчдэд хүрч, урлаг хил хязгааргүй бөгөөд хүний мэдрэмж нэг байдгийг харуулсан билээ. Мөн уг жүжиг нь олон улсын аянаа үргэлжлүүлэн, АНУ-ын Нью-Йорк хотын Бродвейн тайзнаа тоглогдохоор албан ёсоор сонгогдоод байгаа юм.
Уран бүтээлийн үнэ цэнэ ба үзэгчдэд гаргасан уриалга
Тэрбээр ийм хэмжээний олон хүний хүч хөдөлмөр шингэсэн том бүтээл ойрын жилүүдэд дахин төрөхгүй байж магадгүйг дурдаад, жүжгээ өөрийн тоглосон бүтээл гэхээс илүү Монголынхоо өв соёл, бахархал гэж хайрладаг болохоо илэрхийлэв. Мөн “Монгол хаан” жүжгийн цаашдын холын замд сайхан ерөөл, дэмжлэгээрээ хамт байхыг ард иргэдээсээ хүссэн бөгөөд Монголыг дэлхийд таниулах нь уран бүтээлчдийн гол зорилго, бахархал болохыг онцолсон байна.