Kim Ji Won 10-р сарын 7-нд tvN-ийн You Quiz on the Block нэвтрүүлэгт оролцохдоо өөрийгөө төрөлхийн болгоомжтой, амархан айдаг хүн хэмээн тодорхойлжээ. Тиймээс The Heirs цувралын хурц үгтэй Yoo Rachel-ийн дүрийг бүтээх нь түүнд нэлээд хэцүү байсан гэнэ.
“Хэцүү байсан. Rachel үргэлж ууртай, маш хатуу үг хэлдэг дүр. Би түүний ярих хэв маягийг эгч дээрээ туршиж бэлддэг байсан. Rachel шиг зан ааштай амьдарч болохгүй. Тэгвэл амьдрал их хэцүү болно” гэж Kim Ji Won ярьжээ.
Дараа нь тэрээр Queen of Tears цувралын чинээлэг гэр бүлийн өв залгамжлагч Hong Hae In-ийн дүрээ эргэн дурсаж, биеийн хувьд харьцангуй тухтай зураг авалт байсан хэмээн хошигножээ.
“Сайхан машин унадаг, хүйтэн үед дулаан газар, халуун үед сэрүүн газар зураг авхуулдаг байлаа” гэж тэр хэлсэн байна.
Гэхдээ өндөр үнэтэй хувцаснууд өөр төрлийн дарамт дагуулдаг байжээ.
“Олон хувцас маш үнэтэй байсан учраас завсарлагааны үеэр ч бүрэн тайвширч чаддаггүй байлаа. Зураг авалтын дараа бүгдийг нь буцааж өгөх ёстой болохоор хаа нэгтээ тээглүүлээд гэмтээчих вий гэж санаа зовдог байсан” гэж жүжигчин ярьжээ.
Kim Ji Won мөн The Heirs-ийн дараах уран бүтээлийн замналынхаа эхэн үед ирээдүйдээ хэрхэн эргэлзэж, түгшдэг байсан тухайгаа хуваалцсан байна.
“Надад дараагийн бүтээл ер нь олдох болов уу гэж байнга санаа зовдог байсан” хэмээн тэр дурсжээ.
Хожим зохиолч Kim Eun Sook түүн рүү утасдаж, Descendants of the Sun цувралд тоглох санал тавихад Kim Ji Won шууд зөвшөөрсөн бөгөөд дараа нь уйлж эхэлсэн гэнэ.
Телевизийн хамгийн танигдсан жүжигчдийн нэг болсон ч энэ түгшүүр нь бүрэн арилаагүй аж. Kim Ji Won зургаан сараас удаан хугацаанд шинэ бүтээлд тоглохгүй бол үзэгчид өөрийг нь мартчих вий гэж санаа зовж эхэлдгээ хүлээн зөвшөөрчээ.
“Хүмүүс намайг мартчихвал яах вэ?” гэж тэр хэлсэн байна.
Удаан хугацаагаар завсарлах үед үзэгчдэд аль болох хурдан өөрийнхөө шинэ талыг харуулах ёстой мэт дарамт мэдэрдэг гэдгээ ч жүжигчин нэмж ярьжээ.
2 сэтгэгдэлүүд
Хөөх, энэ драмад тоглосон нь үнэхээр зөв сонголт болсон шүү
Туслах дүр байсан ч гэсэн гол дүрээсээ дутахгүй аймаар гоё тоглосон доо