Баасан, 10 сар 9, 2026
Нүүр хуудас Дэлхийн шоу-бизнесМайкл Жексоны Thriller клипний хүрмийг дуудлага худалдаанд оруулна — ЗУРАГ

Майкл Жексоны Thriller клипний хүрмийг дуудлага худалдаанд оруулна — ЗУРАГ

0 сэтгэгдэлүүд

Талийгаач дуучин Майкл Жексоны Thriller клипэнд өмссөн улаан, хар өнгийн хүрмийг Michael Jackson: The Fashion Legacy Auction дуудлага худалдаанд оруулахаар болжээ.

Энэ талаар Америкийн нэр хүндтэй Julien’s Auctions дуудлага худалдааны ордны цахим хуудсанд мэдээлсэн байна.

Дуудлага худалдаа 12-р сарын 7-9-нд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод болно. Тэнд Жексонтой холбоотой өөр гурван дурсгалт эд зүйлийг мөн худалдахаар төлөвлөжээ. Үүнд Thriller клипний зураг авалтад ашигласан гутал, мөн дуучны 1983 оны Motown 25 шоунд өмссөн бээлий болон лофер гутал багтана. Жексоны хувьд Motown дуу бичлэгийн компанийн ойн тоглолтын үеэр алдарт “сарны алхаа”-гаа анх удаа үзүүлж байжээ.

Эдгээр эд зүйл бараг 20 жилийн дараа анх удаа дуудлага худалдаанд гарах гэж байна. Худалдаанаас өмнө тэдгээрийг Майкл Жексоны хүү Принс Жексоны буяны сангаас жил бүр зохион байгуулдаг This Is Thriller арга хэмжээний үеэр үзүүлэх аж. Уг арга хэмжээ Лос-Анжелесийн Palace Theatre-т болох бөгөөд Thriller клипний зарим хэсгийн зураг авалтыг ч энэ театрт хийж байжээ.

Майкл Жексоны Thriller клипний хүрмийг дуудлагаар худалдана

Түүнчлэн эд зүйлсийг Осака, Нью-Йорк болон Бахрейнд болох хэд хэдэн үзэсгэлэнд дэлгэн харуулахаар төлөвлөсөн байна.

“Энэ хүрэм бол клипэнд зориулан бүтээсэн хоёр хүрмийн нэг. Нөгөөг нь Жексон зомби дүрээр гардаг хэсгүүдэд ашиглахын тулд зориуд уранхай болгож, хуучирсан мэт харагдуулсан. Тэр хүрэм өдгөө Жексоны өв хөрөнгийн цуглуулгад хадгалагддаг бөгөөд Рок-н-роллын алдрын танхимд дэлгэгдэж байсан. Харин дуучин зомби будалтгүй гардаг клипний хэсгүүдэд өмссөн цорын ганц хүрэм нь энэ юм. Хүрмийн загварыг Дебора Надулман Лэндис гаргасан” гэж дуудлага худалдааг зохион байгуулагчид мэдээлжээ.

Тэдний онцолсноор, уг хүрэм “загварын түүхчдийн үздэгээр 1980-аад оны дунд үеийн гадуур хувцасны хамгийн том чиг хандлагуудын нэгийг эхлүүлсэн” байна. Харин хүрмийг хэдэн ам.доллароор худалдахаар тооцож буйг одоогоор мэдээлээгүй байна.

Жексоны бээлийг 600-800 мянган ам.доллароор үнэлжээ. 2009 онд бизнес эрхлэгч Хоффман Ма уг бээлийг 430 мянган ам.доллароор худалдан авч байсан юм.

Харин лофер гутлыг 60-80 мянган ам.доллароор зарагдаж магадгүй гэж дуудлага худалдааны ордноос тооцоолжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх