Дэниел Крэйгийн «007: Skyfall» кинонд Жеймс Бондын дүрд тоглохдоо өмссөн хослолыг дуудлага худалдаанд оруулахаар болжээ. Уг эд зүйлийн мэдээллийг 10-р сарын 6-нд Propstore Auction дуудлага худалдааны ордны сайтад нийтэлсэн байна.
Саарал өнгийн хоёр хэсгээс бүрдэх хослолыг Америкийн дизайнер Том Форд кинонд зориулан тусгайлан бүтээжээ. Тэрээр Крэйгийн оролцсон франчайзын сүүлийн дөрвөн кинонд агент 007-ийн хувцаслалтыг хариуцаж байсан юм.
Хослолын хамт худалдан авагч франц ханцуйвчтай цагаан цамц, мөнгөлөг саарал зангиа болон ханцуйвчны товч авна.

“Skyfall таван төрөлд «Оскар»-т нэр дэвшсэн нь Жеймс Бондын тухай кинонуудын хувьд дээд амжилт юм. Уг хослолыг өмнө нь Christie’s-ийн дуудлага худалдаагаар зарж байсан” гэж Propstore Auction-ий тайлбарт дурджээ.
Зохион байгуулагчид уг иж бүрдлийг урьдчилсан байдлаар 20 000-40 000 фунт стерлингээр үнэлсэн байна.
Жеймс Бондын хослолоос гадна ховор кино постер, зураг авалтын талбайн реквизит болон бусад дурсгалын эд зүйлсийг мөн дуудлага худалдаанд оруулжээ. Дуудлага худалдаа 10-р сарын 27 хүртэл үргэлжилнэ.