Жүжигчин Холли Берри хуучин нөхөр Оливье Мартинесийн өөрийг нь хүү Масеогоо хүчирхийлсэн гэх буруутгалыг няцаажээ. Энэ талаар TMZ мэдээлэв.
Тус хэвлэлийн мэдээлснээр, Берри хүүхдийн асран хамгаалах эрхийн төлөө үргэлжилж буй маргааны хүрээнд хэд хэдэн хүсэлт шүүхэд гаргасан байна. Тэрээр өөрийнх нь талаар худал мэдээлэл тараасан гэж мэдэгдэж, хуучин нөхөр нь нейроялгаатай хүүхэдтэйгээ харилцсан байдлыг нь зориуд гуйвуулсан гэж үзэж байгаа аж.
“Би Масеог хэзээ ч бие махбодын, сэтгэл санааны болон өөр ямар ч хэлбэрээр хүчирхийлж байгаагүй. Би өөрөө гэр бүлийн хүчирхийллийн хохирогч бөгөөд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүст тусалдаг. Би хүчирхийлэл үйлдэх хандлагатай хүн биш. Би хүүхдээ хэзээ ч гэмтээхгүй” гэж жүжигчин мэдэгджээ.
Мартинес Берриг 13 настай хүү Масеог VR тоглоом тоглож байх үед хүзүүнээс нь барьсан гэж мэдэгдсэн байна. Харин жүжигчин тухайн өдөр хүүтэйгээ үл ойлголцсон зүйл гарсныг хүлээн зөвшөөрсөн ч түүний хоолой, хүзүүнээс бариагүй гэжээ.
Берри Мартинест хүүгийнх нь асран хамгаалах бүрэн эрхийг өгөх ёсгүй гэж үзэж байна. Түүний хэлснээр, хуучин нөхөр нь нейроялгаатай хүүд нь мэргэжлийн тусламж авахад саад хийж байсан аж.
Жүжигчин Мартинес Масеогийн онцлог хэрэгцээнд тохирсон зохих хүмүүжил, дэмжлэг үзүүлж чадах эсэхэд эргэлзэж байгаагаа илэрхийлжээ. Мөн хуучин нөхөр нь шийдвэр гаргахдаа хүүхдийн эрх ашигт үнэхээр нийцүүлж байгаа эсэхэд эргэлзэж буйгаа мэдэгдсэн байна.