EXO хамтлагийн гишүүн асан Kris Wu шоронд хоригдож байхдаа их хэмжээгээр жин нэмсэн мэт харагдах зураг Хятадын сошиал орчинд өргөн тархсан ч уг дүрс нь AI ашиглан өөрчилсөн хуурамч зураг байсан нь тогтоогджээ.
Сүүлийн үед Хятадын олон нийтийн сүлжээнд Kris Wu-г хорих ангид байх хугацаандаа огцом таргалсан гэх тайлбартай зураг вирус мэт тархсан байна.
Зурагт улаан цамц өмссөн эрэгтэй өмнөх үеийн туранхай Kris Wu-тай харьцуулахад нэлээд жин нэмсэн мэт харагдсан бөгөөд нүүрний төрх нь түүнтэй төстэй байжээ. Гадаад төрхийн ийм огцом өөрчлөлт нь олон хэрэглэгчийг түүний шорон дахь биеийн байдлын талаар таамаг дэвшүүлэхэд хүргэсэн байна.
Хуучин ярилцлагын дүрсийг өөрчилсөн байжээ
Гэвч удалгүй сошиал хэрэглэгчид зураг бодит эсэхэд эргэлзэж эхэлсэн байна. Тухайлбал, зураг дээрх хүн хорих ангийн дүрэмт хувцас бус энгийн хувцастай байсан нь хамгийн түрүүнд анхаарал татжээ.
Дараа нь хэрэглэгчид уг дүрсний эх хувилбар байж болох бичлэгийг олсон байна. Тэр нь Kris Wu 2015 онд Хятадын Sohu хэвлэлд өгсөн ярилцлага байсан бөгөөд тухайн бичлэг дээр тэр яг ижил улаан цамц өмссөн байжээ.
Онлайн хэлэлцүүлгүүдээр тараасан мэдээллээс үзвэл хуучин ярилцлагын кадрыг AI болон зураг засварлах хэрэгслээр өөрчилж, Kris Wu-г бодит байдлаасаа хавьгүй тарган харагдуулсан байна.
Иймээс вирус болсон зураг нь түүний хоригдож байх үеийн бодит дүр төрхийг харуулсан баримт биш бөгөөд одоогийн биеийн байдлын талаар баттай мэдээлэл алга байна.
Өмнө нь нас барсан гэх худал цуурхал ч тарж байв
Kris Wu өмнө нь ч хорих ангид нас барсан гэх үндэслэлгүй мэдээллийн бай болж байсан юм.
Зарим цуурхалд түүнийг хорих ангид халдлагад өртөн нас барсан, эсвэл удаан хугацаагаар өлсгөлөн зарласны улмаас өөд болсон гэх мэдээлэл тарсан байна.
Харин Хятадын цагдаагийн байгууллага эдгээр мэдээллийг үгүйсгэж, худал мэдээлэл гэж мэдэгдсэний дараа уг цуурхал намжжээ.
Kris Wu 2022 онд хүчиндэх болон бүлгийн бэлгийн зүй бус үйлдэлтэй холбоотой гэмт хэргүүдээр 13 жилийн хорих ял сонссон юм. Ялаа бүрэн эдэлсний дараа Канад руу албадан гаргагдана гэж мэдээлэгдсэн байна.
Одоогоор Kris Wu-ийн хорих ангид байх үеийн албан ёсны зураг олон нийтэд ил болоогүй байна.