EXO хамтлагийн хуучин гишүүн Tao болон түүний эхнэр Xu Yiyang нар хүүхэдтэй болсон байж магадгүй гэх яриаг дахин өдөөжээ. Үүнд Xu Yiyang-ийн нийтэлсэн шинэ бичлэг гол шалтгаан болсон байна.
Тэр аравдугаар сарын 15-нд олон нийтийн сүлжээндээ:
“Нар тэнгисийн цаана жаргаж, миний хайртай хүн хажууд минь байна”
хэмээн бичиж, далайн эргээр Tao-той хамт алхаж буй бичлэгээ нийтэлжээ.
Бичлэгийн хамгийн их анхаарал татсан хэсэг нь хосын дунд бага насны хүүхэд хөтлөлцөн алхаж байгаа дүр байв. Үүний дараа фэнүүд болон хэрэглэгчид “Тэдний хүүхэд ийм том болчихсон юм уу?”, “Алхаж, гүйж байгаа болохоор дор хаяж хоёр настай байх” гэх мэт сэтгэгдэл үлдээж эхэлжээ.
Гэхдээ Tao болон Xu Yiyang нар хүүхэдтэй болсон эсэхээ албан ёсоор баталгаажуулаагүй байна.
Өмнөх баримт, цуурхлууд дахин сөхөгдөв
Шинэ бичлэг тарсны дараа фэнүүд хосын өмнөх дүрс бичлэг, олон нийтийн өмнө гарч байсан мөчүүдийг дахин сөхөж эхэлсэн байна.
2024 оны дөрөвдүгээр сард Tao нэгэн нэвтрүүлгийн зураг авалтын үеэр Xu Yiyang-д гэрлэх санал тавьж байсан бөгөөд тухайн үед тэр сул хувцас өмссөн, гэдэс хэсэг нь бага зэрэг төвийсөн харагдсан гэж зарим фэн дурсжээ.
Мөн 2024 оны наймдугаар сард Лос-Анжелес дахь эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлэгт хоёрыг хамт харсан гэх фэний мэдээлэл тухайн үед цахим орчинд тархаж байв.
Үүнээс гадна Tao-ийн өмнө нь ам алдсан мэт яриа ч дахин анхаарал татжээ.
Тэр 2024 оны аравдугаар сарын livestream-ийн үеэр үзэгчдэд:
“Гэр бүл, эхнэр, хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрүүлээрэй”
гэж хэлснийхээ дараа хурдан засаж:
“Ах дүү нартайгаа цагийг өнгөрүүлээрэй”
хэмээн өөрчилж байжээ.
Энэ хэсэг тухайн үед ч фэнүүдийн дунд олон таамаг үүсгэж байсан юм.
2025 оны зургаадугаар сард Хятадын папарацци Tao-гийн орон сууцны авто зогсоол руу Xu Yiyang-ийн ээж болон асрагч хүүхэд тэвэрсэн байдалтай орж явсан гэж мэдээлсэн байна.
Тухайн үед хосын хуулийн баг тээгч эхтэй холбоотой цуурхлыг няцаасан ч өөрсдөө хүүхэдтэй болсон эсэх талаар тодорхой хариулт өгөөгүй аж.
Тиймээс одоогийн шинэ бичлэг өмнөх бүх таамгийг дахин хүчтэй болгожээ. Гэхдээ дүрс бичлэг дээрх хүүхэд үнэхээр Tao, Xu Yiyang нарын хүүхэд мөн эсэх нь одоогоор баталгаажаагүй хэвээр байна.
Tao, Xu Yiyang нарын харилцаа 2020 оноос яригдсан
Tao 2012 онд EXO хамтлагийн гишүүнээр дебют хийсэн бөгөөд 2015 онд SM Entertainment-тай байгуулсан онцгой гэрээгээ цуцлуулах хүсэлт гарган шүүхэд хандсаны дараа хамтлагаас гарсан юм.
Тэр дараа нь Хятадад соло дуучин, жүжигчний карьераа үргэлжлүүлсэн.
Харин Xu Yiyang нь SM Entertainment-ийн хуучин дадлагажигч бөгөөд Tao-той болзож байгаа гэх яриа 2020 оноос эхэлжээ.
Tao 2024 онд тэдний харилцааг олон нийтэд албан ёсоор баталгаажуулсан бөгөөд мөн оны арванхоёрдугаар сард хос гэрлэлтээ бүртгүүлсэн байна.
Одоо далайн эргийн шинэ бичлэгт бага насны хүүхэд хамт харагдсанаар “хос аль хэдийн эцэг эх болсон уу?” гэх асуулт дахин хүчтэй яригдаж эхэллээ.