Shinhwa хамтлагийн Junjin болон түүний эхнэр Ryu Yi-seo нар үр шилжүүлэн суулгах эмчилгээний дараа жирэмсэн болсон ч долоон долоо хоног таван хоногтойдоо зулбасан тухайгаа хуваалцжээ. Хосууд хүнд мэдээг хамтдаа даван туулж, ирээдүйд дахин оролдох итгэлээ алдахгүй байгаагаа илэрхийлсэн байна.
Аравдугаар сарын 16-нд тэдний YouTube сувагт “Junjin, Ryu Yi-seo хосын үр хөврөл шилжүүлсний дараах түүх” гэсэн бичлэг нийтлэгдсэн бөгөөд жирэмсний эхний долоо хоногуудаас эхлэн эмнэлгийн хяналтад орсон үйл явцыг харуулжээ.
Үр хөврөл шилжүүлсний дараа жирэмсэн болсон хос эмнэлэгт очиж, ургийн зүрхний цохилтыг сонссон байна. Хэт авиан шинжилгээний дараа Junjin:
“Бие арзайчихлаа. Сайн өсөж байна гэж сонсоод санаа амарлаа”
хэмээн сэтгэлээ илэрхийлжээ.
Гэсэн ч тэр бүрэн баярлаж яараагүй бөгөөд:
“Дахиад давж гарах нэг босго байгаа болохоор баярлаж хөөрөхөө жаахан барьж байна”
гэж болгоомжилж байгаагаа хэлсэн байна.
Мөн эхнэрийнхээ туулж буй эмчилгээ, бие махбодын ачааллыг бодон:
“Цаашдаа надаас хэдэн зуу дахин их зовж, тэвчих эхнэртээ үнэхээр их талархаж, бахархаж байна”
хэмээн ярьжээ.
Гэртээ ирснийхээ дараа Ryu Yi-seo хэт авианы зургуудаа хадгалах тусгай цомог бэлтгэж:
“Зургаан долоо хоногтой үеийг нь ч нямбай хадгална”
хэмээн ирээдүйгээ догдлон төсөөлж байсан байна.
Долоо дахь долоо хоногт зүрхний цохилт удааширчээ
Харин жирэмсний долоо дахь долоо хоногт нөхцөл байдал өөрчлөгджээ. Ryu Yi-seo:
“Хүүхдийн зүрхний цохилт удааширчихсан”
хэмээн ярьж, ургийн өсөлт болон зүрхний хэмнэл өмнөхөөс удааширсныг мэдсэн байна.
Тэр эмчийн тайлбарын талаар:
“Асуудал гарах магадлал тал хувь гэсэн. Маш эргэлзээтэй тоо”
хэмээн санаа зовнилоо илэрхийлжээ.
Эмч нарын зөвлөсний дагуу хос дөрөв хоногийн дараа дахин үзүүлэхээр болсон байна.
Ryu Yi-seo:
“Одоохондоо болохгүй гэж хэлээгүй”
гэсэн ч:
“Сэтгэлзүйн хувьд өөрийгөө бэлдэж байна”
хэмээн ярьжээ.
Junjin мөн:
“Хэрэв би 100 хувь баярлаж, догдолчихсон байсан бол уйлах байсан байх. Тал талын магадлалтай гэж хэлсэн болохоор сүүлчийн удаа найдъя”
хэмээн итгэлээ хадгалахыг хичээсэн байна.
Шинжилгээний хариуг хүлээж байх хугацаанд хоёул санаа зовниж, унтаж чадахгүй байсан ч бие биенээ тайвшруулжээ. Junjin эхнэртээ:
“Хэрэв бүтэхгүй бол хэцүү, өвдөлттэй байсан ч хамтдаа давна”
хэмээн хэлсэн байна.
Ryu Yi-seo ч:
“Энэ бол бидний цорын ганц боломж биш”
гэж өөрийгөө зоригжуулжээ.
Тэр мөн их сургуульд элсэх шалгалт өгөхөөр хүүхдээ бэлдэж буй нэг найз нь өөрийнхөө гэр бүлийн асуудлаас өмнө Ryu Yi-seo-гийн жирэмслэлтийн төлөө залбирсан тухай дурсаж, талархлаа илэрхийлсэн байна.
Junjin ч:
“Хүчтэй байцгаая”
хэмээн эхнэрээ дэмжжээ.
Долоон долоо хоног таван хоногтойдоо зулбасан байна
Гэвч долоон долоо хоног таван хоногтойдоо дахин эмнэлэгт очиход ургийн зүрхний цохилт болон өсөлтийн хурд мэдэгдэхүйц сайжраагүй байжээ.
Эмнэлгийн зүгээс хромосомын өөрчлөлттэй холбоотой байж болзошгүй талаар тайлбарласан бөгөөд эцэст нь хос зулбасан гэх хүнд мэдээг сонссон байна.
Удаан хугацаанд хүсэн хүлээсэн жирэмслэлт ийнхүү богино хугацаанд төгссөн ч Junjin, Ryu Yi-seo нар нэгнээ буруутгахын оронд хамтдаа даван туулахаар шийдэж, цаашид дахин оролдох итгэлээ хадгалж байгаагаа илэрхийлжээ.
Тэдний хувьд энэ удаагийн туршлага эмчилгээний бие махбодын ачааллаас гадна сэтгэлзүйн хувьд ч хүнд байсан ч “энэ бол цорын ганц боломж биш” гэсэн бодлоор ирээдүйгээ харж байна.