Монгол түмний бахархлын сар тохиож буй энэ өдрүүдэд түүхийн үнэ цэн, эх оронч сэтгэлийг илтгэсэн бүтээлүүдийн нэг болох хөгжмийн зохиолч Б.Шаравын “Чингис хаан” дуурь дахин тайзнаа амилна. Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр уг бүтээлийг арваннэгдүгээр сарын 14, 15-ны өдрүүдэд тоглохоор төлөвлөжээ.
Түүхэн агшныг харуулсан уран бүтээл
“Чингис хаан” үндэсний дуурь нь Их эзэн Чингис хааны 1171-1189 он хүртэлх амьдрал, түүний туулсан зовлон бэрхшээл, эв нэгдэл, баатарлаг тэмцлийг урлагийн хэлээр харуулдаг.
Бага насандаа өнчрөл, хагацал, доромжлол, баригдаж тавигдах зэрэг амьдралын хатуу сорилтыг туулсан ч, эх Өүлэн эхийн сургаал, хатуу зориг, ухаан, тэмцэл зэргийнхээ хүчээр Монголын тулгар төрийг сэргээн байгуулсан түүхийг энэхүү дуурь өгүүлдэг.
Монголын анхны “Чингис хаан”-ы дуурь
Хэдийгээр Чингис хааны тухай дэлхий даяар олон ном, кино, хөгжмийн бүтээлүүд бүтээгдсэн ч дуурийн төрөлд зориулсан анхны бүтээл нь Б.Шаравын “Чингис хаан” юм.
Хоёр бүлэг, зургаан үзэгдэлт энэхүү бүтээл анх 2003 оны тавдугаар сарын 3-нд Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа тоглогдож байжээ. Дуурийн цомнолыг ардын уран зохиолч П.Бадарч бичсэн бөгөөд тэр үеэс хойш энэхүү бүтээл Монголын сонгодог урлагийн үнэт өв болон үлдсэн юм.
Үндэсний бахархлын сар ба соёлын үнэ цэнэ
Үндэсний бахархлын сард тохиож буй энэхүү тоглолт нь зөвхөн уран бүтээлийн үнэ цэнийг бус, Монгол түмний тусгаар тогтнол, бахархал, эв нэгдлийг дахин сануулах зорилготой. Дуурийн театрын уран бүтээлчид “Чингис хаан”-ы түүхэн баатарлаг дүрийг орчин үеийн тайзны шийдэлтэй хослуулан үзэгчдэд хүргэхээр бэлтгэж байна.