Азийг байлдан дагуулсан Ж.Мишээл
Өнгөрсөн есдүгээр сараас эхлэн Азийн 12 орны шилдэг уран бүтээлчид өрсөлдсөн “Silk Way Star” олон улсын шоуны тайзнаа Монгол Улсаа төлөөлөн оролцсон дуучин Ж.Мишээл түрүүлсэн нь олны анхаарлыг ихэд татсан билээ.
Тэрээр зөвхөн шүүгчдийн хамгийн өндөр үнэлгээг авч зогсохгүй, 500 мянга гаруй хүн оролцсон цахим санал хураалтад мөн тэргүүн байрт орж, үзэгчдийн хайр, дэмжлэгийг давхар хүртсэн юм. Казахстаны Jibek Joly TV-гийн санаачлан зохион байгуулсан энэхүү төсөл нь Азийн дуу хөгжмийн томоохон эвентүүдийн нэгээр нэрлэгдэж байна.
Казахстаны төрөөс ирсэн өндөр үнэлгээ
Шоунд оролцогчдыг өчигдөр Казахстаны Ерөнхийлөгчийн зөвлөх Эрлан Карин албан ёсоор хүлээн авч уулзжээ. Уулзалтын үеэр тэрбээр төслийг бүс нутгийн соёлын гүүр болж чадсан, улс орнуудад дуу хөгжмөөр дамжсан шинэ хэлхээ холбоо бий болгосон онцгой үйл ажиллагаа хэмээн үнэлсэн байна.
Тэмцээний ялагчийн хувиар Ж.Мишээлийг Казахстаны төрөөс найрамдлын II одонгоор шагнасан нь түүний амжилтыг зөвхөн урлагийн хүрээгээр бус, улс хоорондын найрсаг харилцаанд оруулж буй хувь нэмэр гэж үнэлж байгааг харууллаа. Бусад орны оролцогчдод ч мөн улс орны төрийн тэргүүнээс талархлын бэлгэдэл болгон Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевын нэр дээрх талархлын захидлыг гардуулсан байна.
Энэ үеэр Эрлан Карин “Silk Way Star” төслийн талаар:
“Бүс нутгийн улс орнуудын нөхөрлөлийг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан”
хэмээн тодорхойлон, хөгжмийн хүчээр улс орнууд ойртож, соёлын харилцаа шинэ түвшинд гарч байгааг онцолжээ.
Ж.Мишээл: Казах хэл дээр дуу гаргана
Шоуны дараа болсон хэвлэлийн уулзалтын үеэр Ж.Мишээл цаашдын уран бүтээлийнхээ нэг чухал чиглэлийг казах хэлтэй холбож байгаагаа сэтгүүлчдэд хэлсэн. Тэрээр Казахстаны үзэгчдэд зориулан тус улсын хэл дээр уран бүтээл хийхээр аль хэдийн ажилдаа орсон гэдгээ нуусангүй.
Түүний хэлснээр:
“Казах хэл дээр дуу гаргахаар төлөвлөж байгаа. Энэ ард түмний соёл, хэл нь надад онцгой санагддаг. Тийм учраас казах хэлтэй иргэдэд зориулж уран бүтээл туурвих ажилдаа орсон”
хэмээн ярьжээ.
Ийнхүү “Silk Way Star”-ын ялагчийн амжилт дан ганц тэмцээний тайзан дээр зогсохгүй, Казахстаны төрийн одон, хоёр улсын соёлын гүүр болсон шинэ уран бүтээлүүдээр үргэлжлэх нь тодорхой болж байна.
