Монголын цахим спортын хамгийн танигдсан багуудын нэг The MongolZ “зөвхөн тоглоомын тайзан дээр” харагддаг үе ард үлджээ. Тэд анх удаа Монголын загварын сэтгүүлийн нүүрийг чимж, цахим спорт ба загварын ертөнцийг огт өөр өнцгөөс холбосон нь олон хүний анхаарлыг татаж байна.
Тус зурган нийтлэлд багийн тоглогчдыг ердийн тайзан дээрх дүр төрхөөс нь огт өөр, загварын сэтгүүлийн стандарттай нийцсэн өнгө төрх, нүүр будалт, хувцаслалттайгаар харуулжээ. Энгийн спортын хувцаснаас эхлээд чөлөөт загвар, энгийн костюм, бүр Монгол хэв маягийн элементтэй хувцас хүртэл ашигласан нь The MongolZ-ыг “ESPORTS тоглогчид” гэх хүрээнээс давуулж, бүрэн хэмжээний загварын инфлюенсерүүд шиг харагдуулсан байна.
Цахим спортын баг загварын сэтгүүлийн нүүрэнд гарна гэдэг нь Монголын нөхцөлд урьд өмнө бараг харагдаж байгаагүй үзэгдэл. Энэ нь нэг талаар салбарын нэр хүнд, танигдсан байдал ямар түвшинд хүрснийг харуулж байгаагийн зэрэгцээ, залуу үеийн соёл, амьдралын хэв маягийг тодорхойлж буй гол дүрүүдийн нэг нь цахим спортын тамирчид болж байгаагийн дохио хэмээн ажиглагчид үзэж байна.
Зураг авалтын зорилго нь The MongolZ-ыг зөвхөн тоглоомын өмнөх мониторын ард суудаг залуус биш, харин өөрийн хэв маяг, байр суурь, үзэл бодолтой, өнөө үеийн поп соёлын нэг хэсэг гэж харуулахад чиглэжээ. Сошиал орчинд нийтлэгдсэн “cover” зургууд дор монгол, гадаад шүтэн бишрэгчид сэтгэгдлээ үлдээж, “цахим спортын одод” гэсэн ойлголт аль хэдийн “загварын-одод”-той давхцах болсон талаар хэлэлцэж байна.
Ийнхүү The MongolZ загварын сэтгүүлийн нүүрэнд гарснаар Монголын цахим спортын багууд зөвхөн дэлхийн тэмцээний тайзан дээр бус, урлаг, загвар, медиа салбарт ч байр сууриа эзэлж эхэлж буйг харууллаа.