Бүжгийн давтлага — тэсвэрийн гол бэлтгэл
J-Hope биеийн бэлтгэлээ BTS-ийн уран бүтээлчид шаардлагатай тэсвэр, бүжгийн нарийн хөдөлгөөн, олон цагийн эрчимтэй ачааллыг даах чадварт чиглүүлдэг. Түүний дасгалын хөтөлбөр гурван үндсэн хэсэгтэй. Өдөрт хоёр цаг хүртэл үргэлжилдэг бүжгийн давтлага нь зүрх, судасны ачаалал авах гол хэлбэр болдог байна. Үүн дээр хөдөлгөөний эвсэл, их биеийн булчинг хөгжүүлэх өөрийн жингийн дасгал болон хүч нэмэгдүүлэх эсэргүүцэлтэй бэлтгэлийг хослуулдаг аж.
Өөрийн жингээр бүх биеэ ажиллуулдаг
Доод биеийн тэсвэр, тэсрэлттэй хүчээ хөгжүүлэхийн тулд тэрээр суулт, үсрэлттэй суулт, урагш алхаж суух дасгал, гар хөлөө салгаж нийлүүлэн үсрэх хөдөлгөөн хийдэг. Дээд биеийн бэлтгэлд энгийн суниалт болон ташаагаа өргөсөн байрлалаас хийх суниалт багтана.
Бүх биеэ ажиллуулахдаа бурпи, тулсан байрлалаас өвдгөө ээлжлэн татах хөдөлгөөн, солбисон цохилт ашигладаг байна. Харин их биеийн булчинд хэвлийн таталт, хөл өргөх, гэдсээрээ хэвтэн гар хөлөө өргөж барих, мөрөндөө ээлжлэн хүрэх планк зэрэг дасгал хийдэг аж.
Жингийн бэлтгэлдээ хөдөлгөөний хяналтыг чухалчилдаг
2024 оны сүүлээр цэргийн албаа дуусгасны дараа J-Hope фитнес заалны бэлтгэлээ илүү тодорхой хуваарьтай болгожээ. Тэрээр чөлөөт жин, төхөөрөмж ашиглан дээд бие болон мөрний булчиндаа төвлөрч, давталт бүрийг удаан, хяналттай гүйцэтгэдэг байна. Ялангуяа жинг буулгах буюу булчин сунан ажиллах үе шатанд анхаардаг.
Дасгалжуулагч Kirk Myers ийм арга нь булчингийн оролцоог нэмэгдүүлж, гэмтэх эрсдэлийг бууруулахад тустай хэмээн тайлбарлажээ. J-Hope заримдаа Jungkook, V нартай хамт бэлтгэл хийдэг бөгөөд Jin-тэй өглөө гүйдэг байна.
Булчингийн хэмжээнээс илүү тогтмол дадалд анхаардаг
Цэргийн алба хаахдаа J-Hope бие бялдрын өндөр шалгуур хангаж, «тусгай дайчин» хэмээн үнэлэгдэн, булчингийн массаа нэмэгдүүлжээ. Албаа дуусгаснаас хойш түүний зорилго улам том биетэй болохоос илүүтэй бүрдүүлсэн галбираа хадгалж, булчингийн хэмжээгээ зохистой түвшинд барихад чиглэсэн байна. Тэрээр нэгэн шууд дамжуулалтын үеэр тогтмол дасгал хийх дадлаа үргэлжлүүлэх хүсэлтэйгээ хэлсэн юм.