Netflix-ийн анимейшн шилдэг хүүхэлдэйн киноны шагнал хүртэв
Netflix-ийн бүтээл KPop Demon Hunters 98 дахь удаагийн Академийн шагнал гардуулах ёслолоос хоёр Оскарын шагнал хүртэж, энэ жилийн хамгийн их анхаарал татсан анимейшнүүдийн нэг боллоо. 2026 оны гуравдугаар сарын 15-нд АНУ-ын Лос Анжелес хот дахь Холливудын Dolby Theatre-д болсон ёслолын үеэр тус кино “Шилдэг хүүхэлдэйн кино” төрөлд ялалт байгуулсан байна. Энэхүү бүтээл нь ARCO, Elio, Little Amélie or the Character of Rain болон Zootopia 2 зэрэг нэр дэвшигчидтэй өрсөлдсөний эцэст шагнал хүртжээ.
Найруулагч шагналаа Солонгосчуудад зориулж байгаагаа илэрхийлэв
Шагнал гардан авах үеэр тайзан дээр гарсан найруулагч Мэгги Кан сэтгэл хөдлөлөө илэрхийлж, киноны амжилтад хувь нэмэр оруулсан бүх хүмүүст талархал илэрхийлсэн байна. Тэрээр мөн ийм төрлийн гол дүртэй кино бүтээх хүртэл удаан хугацаа зарцуулсандаа уучлал хүсэж, “Дараагийн үеийнхэн ийм төрлийн кино гарна гэж удаан хүлээх шаардлагагүй болно гэж найдаж байна” хэмээн хэлжээ. Найруулагч уг шагналыг Солонгос болон дэлхийн өнцөг булан бүрт байгаа солонгосчуудад зориулж байгаагаа онцолсон байна.
Ан Хё Соп анх удаа Оскарын улаан хивсэн дээр алхав
Киноны амжилтын зэрэгцээ жүжигчин Ан Хё Соп Оскарын улаан хивсэн дээр анх удаа гарч ирсэн нь мөн олны анхаарлыг татлаа. Тэрээр KPop Demon Hunters кинонд Жинү (Jinwoo) дүрд дуу оруулсан бөгөөд энэ бүтээлд оролцсоныхоо ачаар Академийн ёслолд албан ёсоор уригдан оролцжээ.
“Golden” дуу мөн Оскарын шагнал хүртэв
Үүнээс гадна тус киноны “Golden” нэртэй дуу “Шилдэг киноны дуу” төрөлд Оскарын шагнал хүртсэн байна. Энэхүү дууг бүтээсэн EJAE, Mark Sonnenblick, Joong Gyu Kwak, Yu Han Lee, Hee Dong Nam, Jeong Hoon Seo болон Teddy нар шагнал хүртсэн бөгөөд тайзан дээр EJAE нулимс дуслуулан талархлаа илэрхийлжээ. Ингэснээр KPop Demon Hunters кино энэ жилийн Оскарын наадмаас хоёр томоохон шагнал хүртэж, олон улсын хэмжээнд амжилтаа баталгаажууллаа.
