Бямба, 11 сар 21, 2026
Нүүр хуудас K-dramaLee Jung Jae-гийн орлогын гэрээ, хувийн хэлцлүүд маргаан дагуулав: Агентлаг нь хуулийн арга хэмжээ авна

Lee Jung Jae-гийн орлогын гэрээ, хувийн хэлцлүүд маргаан дагуулав: Агентлаг нь хуулийн арга хэмжээ авна

0 сэтгэгдэлүүд 16 views

Artist Company их хэмжээний алдагдалтай ажиллаж, хувьцааны ханш нь огцом буурсан үед хамгийн том хувьцаа эзэмшигч Lee Jung Jae-гийн орлогын гэрээ болон хувийн компаниудтай холбоотой хэлцлүүд олны анхааралд оржээ.

Арваннэгдүгээр сарын 18-нд гарсан Dispatch-ийн мэдээлэлд жүжигчин агентлагийнхаа санхүүгийн хүндрэлээс үл хамааран тусгай нөхцөл бүхий гэрээ, хувийн бизнесүүдээрээ орлого олж байсан гэх асуудлыг хөндсөн байна. Харин Artist Company уг мэдээллийг нэг талыг барьсан гэж шүүмжилж, хуулийн арга хэмжээ авахаа мэдэгджээ.

Агентлагийн авах орлогод дөрвөн тэрбум воны босго тогтоосон уу?

Мэдээлэлд дурдсанаар Lee Jung Jae орлогынхоо 90 хувийг авч, үлдсэн 10 хувийг Artist Company үйл ажиллагааны зардалдаа зориулан авдаг байжээ.

Гэхдээ гэрээнд компанид ногдох хувийг зөвхөн эхний дөрвөн тэрбум воны орлогоос тооцох тусгай заалт байсан гэж мэдээлсэн байна. Энэ босгоос давсан орлогыг жүжигчин бүхэлд нь авах нөхцөлтэй байсан гэх аж.

Lee Jung Jae 2025 онд “Squid Game”-ийн хоёр, гуравдугаар улирал зэрэг төслөөс нийт 20 тэрбум гаруй вон олсон гэжээ. Үүнээс босго давсан 16 тэрбум воныг өөртөө авч, Artist Company-д 400 сая вон ногдсон хэмээн мэдээлсэн байна.

Тус агентлагийн бусад жүжигчин, тухайлбал Yum Jung Ah, Lim Ji Yeon нарын гэрээнд ийм заалт байгаагүй гэж Dispatch бичжээ.

Оффисын нүүлгэлтээс хувийн компанид түрээсийн орлого орсон гэх мэдээлэл гарав

Мөн Lee Jung Jae-гийн хувийн үл хөдлөх хөрөнгийн компанитай холбоотой хэлцлийг хөндсөн байна.

Түүний худалдан авсан RaemongRaein компанийн төв оффисыг Нонхён дахь байршлаас Чондам хороонд байдаг өөрийнх нь эзэмшлийн барилга руу шилжүүлсэн гэж мэдээлжээ. Хуучин оффисын түрээсийн хугацаа дуусаагүй байсан тул компани хоёр газрын түрээсийг давхар төлөх болсон гэх аж.

Үүний үр дүнд Lee Jung Jae-гийн хувийн Vena Pictures компани ойролцоогоор нэг жилийн хугацаанд RaemongRaein-аас 200 сая гаруй воны түрээсийн орлого авсан гэж мэдээлсэн байна.

Гоо сайхны бизнесийн төлбөрийн бүтэц мөн асуулт дагуулав

Artist Company-ийн шинэ чиглэл болгон танилцуулсан гоо сайхны бизнес нь жүжигчний өөр нэг хувийн компани болох Vena Beauty-тэй холбоотой гэжээ.

Dispatch-ийн мэдээлснээр Artist Company бизнесийн үр дүнгээс үл хамааран Vena Beauty-д баталгаат доод төлбөр олгох үүрэгтэй аж. Үүнээс гадна үйл ажиллагааны ашгийн 10 хувьтай тэнцэх роялти төлөхөөр тохирсон гэж мэдээлсэн байна.

Зарим шүүмжлэгч үүнийг SM Entertainment-ийн продюсер асан Lee Soo Man-ы байгуулсан Like Planning компанийн бүтэцтэй харьцуулжээ. Тус компани өмнө нь SM-тэй хийсэн бизнес, ашиг хуваарилах нөхцөлөөсөө болж маргаанд өртөж байсан юм.

Үүний зэрэгцээ Lee Jung Jae-тай холбоотой худалдан авалт, нэгдэлд оролцсон компаниудын хувьцааны ханш өмнөх дээд түвшнээсээ 80 гаруй хувиар унаж, хоёр жил дараалан үйл ажиллагааны алдагдалтай гарсан гэж мэдээлжээ.

Компанийн санхүүгийн хүндрэл болон жүжигчний хувийн бизнесүүдийн орлогын ялгаа нь томоохон хувьцаа эзэмшигчтэй хийсэн хэлцлүүдийн зохистой байдлын талаар асуулт үүсгэсэн байна.

Artist Company: “Тодорхой хүнийг онилсон мэдээлэл”

Artist Company арваннэгдүгээр сарын 18-нд албан ёсны сайтаараа мэдэгдэл гаргаж, Lee Jung Jae-гийн бизнесийн үйл ажиллагааг буруутгасан мэдээлэлтэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлжээ.

Тус компани нийтлэлийг тодорхой нэг хүнийг онилсон шинжтэй гэж үзэж, үүнд харамсаж байгаагаа мэдэгдсэн байна.

Мөн сэтгүүлчдийн асуултад жүжигчдийн орлого хуваарилах гэрээний бүтэц, төв оффисыг нүүлгэсэн нөхцөл, түрээсийн үнийг тооцсон үндэслэлийн талаар дэлгэрэнгүй хариулсан гэжээ. Vena Beauty-тэй байгуулсан гэрээний эдийн засгийн агуулга болон бусад хөрөнгө оруулалт, бизнесийн бүтцийн өөрчлөлтийн шалтгааныг ч тайлбарласан байна.

Гэвч нийтлэлд эдгээр тайлбарын зөвхөн зарим хэсгийг өнгөц тусгасан гэж компани үзэж байгаа аж. Тайлбаруудын үндэслэлийг үнэлэхэд шаардлагатай харьцуулсан баримт, бодит нотолгоог хангалттай оруулалгүй, Lee Jung Jae-гийн талаар сөрөг ойлголт төрүүлэхэд төвлөрсөн хэмээн мэдэгджээ.

Artist Company уг мэдээлэлтэй холбоотойгоор эрх зүйн арга хэмжээ авахаар төлөвлөж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх