Хэрэглэгчдийн судалгаанд тулгуурласан 24 дэх жилийн шагнал
Өнгөрсөн онд олон улсын үзэгчдийн анхаарлыг татсан Netflix-ийн “Physical: Asia” шоу Өмнөд Солонгосын 2026 оны “Korea First Brand” шагналын эзэн болжээ.
Энэхүү шагнал нь 24 дэх жилдээ гардуулж буй бөгөөд ирэх онд зах зээлд манлайлах боломжтой, ирээдүйтэй гэж үнэлэгдсэн салбар бүрийн брэндүүдийг хэрэглэгчдээс авсан судалгаа, тоон мэдээлэлд үндэслэн тодруулдгаараа онцлогтой юм.
“Тэргүүлэх Ирээдүйтэй Хөтөлбөр” төрөлд тодорч, үргэлжлэл амжилттай байх хүлээлт өгчээ
“Physical: Asia” шоу “2026 онд Тэргүүлэх Ирээдүйтэй Хөтөлбөр” нэртэй шагнал хүртсэн нь тус шоуны дараагийн үргэлжлэл амжилттай өрнөх боломж өндөр гэсэн судлаач, мэргэжилтнүүдийн үнэлгээтэй холбоотой гэж мэдээлсэн байна.
Продюсер Чан Хо Ги: “Physical: World дээр ажиллаж байна”
Шагнал гардуулах ёслол Сөүл хотын “The Shilla Seoul” зочид буудлын их танхимд болсон бөгөөд арга хэмжээнд оролцсон шоуны продюсер Чан Хо Ги дараах байр суурийг илэрхийлжээ.
“Ийм утга учиртай шагналд хүртсэндээ баярлаж байна. Манай шоунд гар бие оролцсон бүх уран бүтээлчид, ажилтнуудад чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. Бид одоо бусад улс орнуудын хувилбарыг багтаасан Physical: World шоуг бүтээхээр ажиллаж байгаа” гэж хэлжээ.
Тэрээр энэ үеэр шоуны АНУ-ын хувилбар бүтээгдэх төлөвлөгөө батлагдсаныг мөн мэдээлсэн байна.

Найман улсын тамирчид өрсөлдөж, Монголын баг дэд байрт оржээ
“Physica: Asia” шоунд Өмнөд Солонгос, Япон, Монгол, Турк, Австрали, Индонез, Тайланд, Филиппин гэсэн Ази тивийн найман орны тамирчид хүч чадал, хурд, тэвчээрийн төрлүүдээр өрсөлдсөн юм.
Тус тэмцээнд Өмнөд Солонгосын баг түрүүлж, Монголын баг удаалсан билээ.