Нүүр хуудас Дэлхийн шоу-бизнесVictoria Beckham 18 жилийн дараа анхны ашгаа зарлав: Олон жилийн алдагдлын дараах эргэлт

Victoria Beckham 18 жилийн дараа анхны ашгаа зарлав: Олон жилийн алдагдлын дараах эргэлт

0 сэтгэгдэлүүд

Victoria Beckham-ийн нэрийн хувцас загвар, гоо сайхны бүтээгдэхүүний компани байгуулагдсанаасаа хойш анх удаа ашигтай ажилласан байна. 2008 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн тус бизнес 18 жилийн дараа санхүүгийн хувьд эерэг үр дүнд хүрснээ зарлажээ.

Spice Girls хамтлагийн гишүүн асан Victoria Beckham бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг нь хариуцан ажилладаг Victoria Beckham Holdings Ltd компани 2025 онд 7.5 сая фунт стерлингийн ашигтай ажилласан нь Даваа гарагт нийтлэгдсэн санхүүгийн тайлангаас тодорхой болсон байна.

Financial Times-д өгсөн ярилцлагадаа Victoria Beckham:

“Бид бүгд ашиг орлого, өсөлтийн энэ мөчийг харахын төлөө удаан хугацаанд шаргуу ажилласан юм” гэж ярьжээ.

Тэрээр компанийнхаа өнгөрсөн жилүүдэд туулсан хүндрэл болон одоогийн нөхцөл байдлыг тайлбарлахдаа:

“Бид бизнестээ тулгарч байсан асуудлуудын талаар маш ил тод байсан бол одоо боломжийн хурдаар өсөн нэмэгдэж байна. Хорин жилийн дараа л хүмүүс миний брэндийг хэн нэг алдартай хүний брэнд гэж үзэхээ больж байна” гэж тэр цааш нь ярьсан юм.

Netflix-ийн баримтат кино брэндийн сонирхлыг нэмэгдүүлэв

Өнгөрсөн онд Netflix Victoria Beckham-ийн бизнесийн түүхийг харуулсан баримтат киног үзэгчдэд хүргэсэн бөгөөд энэ нь брэндийн нэр хүнд, борлуулалтын өсөлтөд тодорхой хэмжээнд нөлөөлсөн гэж үзэж байна.

Компанийн шинэ тайланд дурдсанаар хувцас загварын бизнесийн борлуулалт 2025 оны турш хоёр оронтой хувиар өсжээ. Харин 2019 онд байгуулагдсан гоо сайхны бүтээгдэхүүний салбар нь үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойших “өнөөдрийг хүртэл хугацааны хамгийн хүчтэй өсөлт”-өө бүртгэсэн байна.

Ялангуяа “Foundation Drops” нэртэй бүтээгдэхүүн өндөр эрэлттэй байжээ. Тус бүтээгдэхүүний амжилтын нөлөөгөөр арьс арчилгааны бүтээгдэхүүний борлуулалт хоёр дахин нэмэгдсэн бөгөөд хүлээлтийн жагсаалтад нь 25,000 орчим хэрэглэгч бүртгэгдсэн байна.

David Beckham-ийн дэмжлэг бизнесийг авч үлджээ

Netflix-ийн баримтат кинонд Victoria Beckham-ийн компани өмнөх жилүүдэд хэдэн арван сая фунт стерлингийн алдагдалтай ажиллаж байсан тухай өгүүлдэг. Тухайн үед нөхөр David Beckham бизнесийг нь үргэлжлүүлэхэд санхүүгийн хувьд олон удаа тусалсан байна.

Sir David Beckham тэр үеийг эргэн дурсахдаа:

“Тэр над дээр ирээд жаахан мөнгө хэрэгтэй байна…бидэнд арай илүү мөнгө хэрэгтэй байна…бизнест маань илүү их мөнгө хэрэгтэй байна гэж хэлдэг байсан. Энэ байдал бид хоёрт хоёулд маань хэцүү байсан. Учир нь надад үүнийг удаан үргэлжлүүлэх мөнгө байгаагүй” гэж ярьжээ.

Victoria Beckham ч нөхрийнхөө тусламжгүйгээр бизнесээ өнөөдрийг хүртэл авч явах боломжгүй байсан гэдгээ хүлээн зөвшөөрч:

“Тэр надад итгээгүй бол би одоог хүртэл бизнес эрхлэхгүй байх байсан” гэж хэлсэн байна.

30 сая фунтын хөрөнгө оруулалт өөрчлөлтийн эхлэл болов

Компанийн санхүүгийн байдлыг өөрчлөх хамгийн чухал алхмуудын нэг нь 2017 онд хийгджээ. Victoria Beckham тухайн үед компанийнхаа 30 хувийг NEO Investment Partners хөрөнгө оруулалтын санд худалдан, 30 сая фунт стерлингийн хөрөнгө босгосон байна.

Энэхүү хөрөнгө оруулалтын дараа компанийн бүтэц, үйл ажиллагааны загвар, санхүүгийн сахилга бат болон бүтээгдэхүүний стратегид томоохон шинэчлэл хийсэн бөгөөд эдгээр өөрчлөлт олон жилийн дараа ашигтай ажиллагаанд хүрэх суурь болжээ.

2025 оны санхүүгийн үр дүнг танилцуулах үеэр Victoria Beckham Holdings Ltd компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга David Belhassen:

“Хувцас загвар, гоо сайхны салбарын хоёр өсөлтийн хөдөлгүүр, улам бүр тэлж байгаа олон улсын хэрэглэгчдийн бааз, төвлөрсөн үйл ажиллагааны загвар нь манай бизнесийг ашигтай ажиллах дараагийн үе шатанд баттай шилжүүлж байна” гэж мэдэгджээ.

Компанийн гүйцэтгэх захирал Sybille Darricarrère Lunel мөн анх удаа ашигтай ажилласныг олон жилийн стратегийн ажлын үр дүн гэж үнэлсэн байна.

“Манай анхны ашигтай ажиллагаа нь Victoria Beckham-ийн хувьд түүхэн мөч бөгөөд олон жилийн сахилга баттай гүйцэтгэл, стратегийн хөрөнгө оруулалтын үр дүн. Тансаг хэрэглээний зах зээл, макро эдийн засаг хүнд сорилттой тулгараад буй энэ үед ийм үр дүн гаргасан нь бүр ч онцгой болгож байгаа юм” гэж мэдэгдсэн байна.

Ийнхүү удаан хугацаанд алдагдалтай ажиллаж, гаднын хөрөнгө оруулалт болон гэр бүлийн санхүүгийн дэмжлэгт түшиглэж ирсэн Victoria Beckham-ийн бизнес 2025 онд анх удаа ашигтай ажиллаж, 18 жилийн дараа шинэ шатанд гарчээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх