Beckham гэр бүл дурсамжтай газраа эргэн очжээ
Victoria болон David Beckham нар хүүхдүүдийнхээ хамт Италийн Portofino хотод амарч байна. Энэ газар тэдний гэр бүлийн хувьд онцгой утгатай. Учир нь 1997 онд хөлбөмбөгчин David Beckham болон Spice Girls хамтлагийн гишүүн Victoria нарын хайрын харилцаа эндээс эхэлсэн гэдэг.
Хос амралтынхаа зургуудыг сошиал хуудсаараа хуваалцаж, 29 жилийн өмнөх дурсамжаа эргэн санажээ.
1997 онд хэвлэлээс нуугдан ирж байсан буудалдаа буцав
52 настай Victoria, 51 настай David нар Portofino дахь яг тэр зочид буудалдаа буусан байна. Тэд 29 жилийн өмнө харилцаагаа олон нийтэд ил болгохоос өмнө хэвлэлээс холдон, хамтдаа амралтын өдрөө өнгөрүүлэхээр энэ газарт ирж байжээ.
Victoria нөхөртэйгөө авахуулсан зургаа нийтлээд “Бүх зүйл эхэлсэн 1997 оны Portofino-д дахин ирлээ. Би чамд хайртай” гэж бичсэн байна.
David Beckham ч мөн дурсамжаа хуваалцаж, “29 жилийн өмнө бид Portofino-д, энэ зочид буудалд ирж байсан. Тэр үед биднийг үерхэж байгааг хэн ч мэдээгүй байсан. Харин одоо бид дахин энд байна” гэжээ.
Хүүхдүүд нь хамт амарч байна
Beckham хостой хамт тэдний хүүхдүүд ч Италид амарч байгаа аж. Тэдний 21 настай хүү Cruz өөрийн 30 настай найз бүсгүй Jackie Apostel-ийн хамт ирсэн бол 23 настай Romeo, 15 настай Harper нар ч гэр бүлийн аялалд нэгдсэн байна.
Амралтын зургууд дээр Victoria, David нар хүүхдүүдийн хамт Portofino-гийн үзэсгэлэнт орчинд цагийг өнгөрүүлж, гэр бүлийн дулаан уур амьсгалыг харуулжээ.
Cruz хуучин зургаар Brooklyn-ийг санаж буйгаа илэрхийлэв
Сонирхолтой нь, Cruz Beckham амралтын зургуудынхаа дунд бага насандаа Romeo болон Brooklyn-тэй хамт авахуулсан архивын зургийг нийтэлжээ. Энэ нь бараг хоёр жилийн турш гэр бүлийнхэнтэйгээ харилцаа муутай байгаа Brooklyn-ийг санаж буй дохио мэт харагдсан байна.
Romeo ч уг ах дүү гурвын хуучин зургийг өөрийн хуудсандаа repost хийсэн бол Brooklyn уг нийтлэлд ямар нэгэн хариу үйлдэл үзүүлээгүй аж.
Brooklyn ч Европт зуныг өнгөрүүлж байна
27 настай Brooklyn Beckham одоогоор эхнэр Nicola Peltz-ийн хамт Европт амарч байгаа гэж мэдээлэгдэж байна. Гэсэн ч тэрээр энэ удаагийн Portofino дахь гэр бүлийн аялалд оролцоогүй байна.
Beckham гэр бүлийн дотоод харилцааны талаар сүүлийн үед олон таамаг гарч байгаа бөгөөд Brooklyn-ийн чимээгүй байдал фэнүүдийн анхаарлыг дахин татжээ.
1997 онд танилцаж, 1999 онд гэрлэсэн
Victoria болон David Beckham нар 1997 оны өвөл танилцсан. Тэд 1999 оны зун гэрлэсэн бөгөөд тухайн үед том хүү Brooklyn нь дөрвөн сартай байжээ.
Хосын гэрлэлтээс хойш Romeo, Cruz гэх хоёр хүү, Harper гэх охин мэндэлсэн. 2000-аад оны эхээр David Beckham-ийг хуучин туслах Rebecca Loos-той холбоотой гэх цуурхал хэвлэлээр хүчтэй яригдаж байсан ч Victoria, David нар харилцаагаа хадгалж үлдсэн юм.
Өдгөө Beckham-ийн гэр бүл шоу бизнесийн хамгийн тогтвортой, олны анхааралд байдаг хосуудын нэг хэвээр байна. Portofino дахь энэ удаагийн амралт нь тэдний хувьд зөвхөн зуны аялал бус, 29 жилийн өмнөх хайрын түүхээ дахин санасан онцгой мөч болжээ.