Монголын дэлгэцийн шинэ бүтээл болох “Овгор” уран сайхны кино өнөөдөр буюу 2026 оны аравдугаар сарын 8-ны өдрөөс эхлэн орон даяар бүх кино театруудын дэлгэцнээ гарч эхэллээ. Кино театруудын мэдээлснээр тус бүтээл нээлтээ хийсэн эхний өдрөөсөө л тасалбар борлуулалтын үзүүлэлтээрээ бусад кинонуудыг манлайлж байна.
БНСУ-ын алдарт одууд нээлтийн баярт оролцов
Тус киноны нээлтийн ёслолын арга хэмжээнд 1,000 гаруй үзэгч, урлаг соёлын салбарын төлөөлөгчид болон уран бүтээлчид хуран цуглаж, баярыг хамтдаа хуваалцсан юм. Түүнчлэн БНСУ-ын алдарт “Super Junior” хамтлагийн дуучин, жүжигчин Чой Шивон, нэрт жүжигчин Сон Дон Ил болон бусад 10 гаруй уран бүтээлч хүрэлцэн ирж, уран бүтээлчдэд баяр хүргэсэн нь нээлтийг онцгой нэгэн үйл явдал болголоо.

Цахим орчинд хайлтыг тэргүүлж, хязгаарлалт авахад хүрэв
Кино нээлтээ хийсэнтэй холбогдуулан цахим орчинд “Овгор” гэх хайлтын илэрц бүх цаг үеийн хамгийн дээд үзүүлэлтдээ хүрч, үзэгчдийн сонирхлыг асар ихээр татаж байна. Тэр дундаа киноны албан ёсны инстаграм болон фэйсбүүк хуудсанд богино хугацаанд хэт олон хэрэглэгч тэмдэглэгээ (tag, mention) хийснээс үүдэн “Meta” компаниас тэдний 24 цагийн стори нийтлэх эрхийг түр хугацаанд хязгаарлажээ.
