Америкийн жүжигчин Сидни Суини кино урлагийн домогт од Мэрилин Монротой алс холын төрөл садан болох нь генеалогийн судалгаагаар тогтоогджээ.
Хоёр жүжигчний гадаад төрхийг олон жилийн турш харьцуулж ирсэн бөгөөд олон нийтийн сүлжээний хэрэглэгчид тэднийг хоорондоо их төстэй хэмээн байнга онцолдог байв. Үүнтэй холбоотойгоор MyHeritage компани тэдний угсаа гарлыг судалжээ гэж Just Jared мэдээлэв.
Судалгаагаар Сидни Суини, Мэрилин Монро нар үнэхээр холын хамаатан болох нь тогтоогдсон байна. Тодруулбал, тэд есдүгээр үеийн үеэлүүд бөгөөд хоорондоо нэг үеийн зөрүүтэй аж.
Тэдний төрөл садны холбоог эцэг, эхийн удмаар нь тогтоожээ. Хоёр жүжигчний угийн бичиг Массачусетс мужийн Сэндвич хотын анхны суурьшигчдын нэг, ойролцоогоор 1625-1689 онд амьдарч байсан Эзра Перри хэмээх нийтлэг өвөг дээр огтлолцсон байна.
“Тэдний нийтлэг удмын мөчрийг илрүүлсэн нь үнэхээр гайхалтай байлаа. Энэ нь хүн төрөлхтөн нэг асар том угийн модны хэсэг бөгөөд илүү гүнзгий судлах тусам бид бүгд ямар гайхалтай байдлаар хоорондоо холбогдсоныг харуулж байна” гэж компанийн судалгааны захирал Рои Мандель хэлжээ.
Сидни Суини бол Америкийн жүжигчин бөгөөд «Euphoria» цувралын дүрээрээ олонд танигдсан. Мөн олны анхаарлыг татсан «The Housemaid» кинонд тоглосон байна. Тэр одоо 29 настай.
Харин Мэрилин Монро кино урлагийн бэлгэ тэмдэг болсон жүжигчдийн нэг юм. Тэрээр 1962 оны 8-р сарын 4-нд 36 насандаа таалал төгсжээ.