Нидерландын алдарт зураач Винсент ван Гогийн 60 гаруй жилийн турш олон нийтэд бараг үзүүлээгүй ховор бүтээл дуудлага худалдаанд гарахаар болж, урлагийн ертөнцийн анхаарлыг татаж байна. Зургийг Хонконгт түр дэлгэн үзүүлэх үеэр олон зуун хүн өөрийн нүдээр харахын тулд дугаарлан зогсжээ.
“Châtaigniers en fleurs” буюу “Цэцэглэж буй туулайн бөөр модод” нэртэй уг бүтээл Нью-Йорк хотод ирэх сарын 18-нд болох дуудлага худалдаанд 180 сая ам.долларын үнэ хүрч магадгүй гэсэн хүлээлт үүсээд байна.
Дэлхийн эдийн засгийн тодорхойгүй нөхцөл үргэлжилж байгаа ч урлагийн зах зээлд ховор, түүхэн үнэ цэнтэй бүтээлүүдийн төлөөх өрсөлдөөн буураагүй хэвээр байгаа юм. Иймээс энэ удаагийн дуудлага худалдаа дээд зэрэглэлийн урлагийн бүтээлийн зах зээлийн бодит эрэлтийг шалгасан томоохон үйл явдал болох төлөвтэй байна.
Амьдралынхаа сүүлчийн саруудад зурсан бүтээл
Ван Гог уг зургийг 1890 оны тавдугаар сард Францын Овер-сюр-Уаз тосгонд байхдаа зуржээ. Энэ бол түүний амьдралын хамгийн сүүлчийн үеийн бүтээлүүдийн нэг юм.
Зураач хоёр сарын дараа буюу 1890 оны долоодугаар сард 37 насандаа таалал төгссөн билээ.
Тэрээр Францын Сен-Реми-де-Прованс дахь сэтгэцийн эмнэлгээс гарсныхаа дараа Овер-сюр-Уаз руу нүүж, амьдралынхаа төгсгөлийн үеийн олон алдартай бүтээлээ тэнд туурвисан байна.
“Цэцэглэж буй туулайн бөөр модод” бүтээлд аварга том туулайн бөөр модны мөчир цэцгээр бүрхэгдэн дэлгэрч буй дүрслэл давамгайлдаг. Өнгө, хөдөлгөөн, байгалийн эрч хүчийг хүчтэй илэрхийлсэн нь уг бүтээлийг Ван Гогийн сүүлчийн үеийн онцгой жишээ болгожээ.
Нью-Йорк дахь “Sotheby’s” дуудлага худалдааны ордны орчин үеийн болон контемпорари урлагийн газрын мэргэжилтэн Скотт Ничел:
“Энэхүү бүтээл нь зураачийн ер бусын өөдрөг үзэл, оргилуун эрч хүч, урам зориг, хүсэл тэмүүлэл, өнгө будгийн баялаг илэрхийллээрээ түүний уран бүтээлийн онцгой үеийг харуулдаг”
гэж онцолсон байна.
Түүний хэлснээр уг зураг Ван Гогийн дуудлага худалдаагаар зарагдсан бүтээлүүдийн үнийн өмнөх дээд амжилтыг эвдэх боломжтой аж.
Хонконгт үзэхийн тулд хүмүүс хэдэн цагийн зам туулжээ
Бүтээл удаан хугацаанд олны хүртээл болоогүй байсан нь сонирхлыг улам нэмэгдүүлжээ. Хонконг дахь үзэсгэлэнг үзэхээр Хятадын Шэньжэнь хотоос хүртэл хүмүүс зорьж ирсэн байна.
50 настай урлаг сонирхогч Ли Шаньшань:
“Би энэ зургийн талаар өмнө нь огт сонсож байгаагүй учраас өөрийн нүдээр үзэхээр ирсэн”
гэж ярьжээ.
Тэр уг бүтээлийг үзэхийн тулд ойролцоогоор хоёр цаг хагасын зам туулсан байна.
“Цэцэглэж буй туулайн бөөр модод” зураг ганцаараа худалдаалагдахгүй. Олон жилийн турш нийтэд бараг үзүүлээгүй 12 бүтээлийн цуглуулгын нэг хэсэг болон дуудлага худалдаанд орох бөгөөд уг цуглуулгад Поль Сезанн, Клод Моне зэрэг алдарт зураачдын бүтээлүүд ч багтжээ.
Ван Гогийг нас барсны дараа уг зураг түүний дүү Теогийн мэдэлд шилжсэн байна. Дараа нь Теогийн бэлэвсэн эхнэр Йоханна ван Гог-Бонгер, улмаар тэдний хүү Винсент Виллем ван Гогт өвлөгджээ.
Ийнхүү хэдэн арван жилийн турш олны нүднээс хол байсан Ван Гогийн ховор бүтээл удахгүй дахин зах зээлд гарч, урлагийн дуудлага худалдааны түүхэнд шинэ үнийн дээд амжилт тогтоох эсэх нь анхаарлын төвд байна.