Яруу найрагч, зохиолч, утга зохиолын судлаач П.Батхуягийн «Миний сэтгэл-Rock» хэмээх тууж дахин хэвлэгдэж, уншигчидтай дахин уулзаж байна. Уг бүтээл анх “Тэнгэр хэмээх шувуу” хүүрнэл зохиолын түүвэрт багтаж хэвлэгдэж байсан бол энэ удаа “Хар муур” хэвлэлийн газраас “Pocketbooks” төслийн хүрээнд бие даан хэвлүүлжээ.
“Pocketbooks” төслийн гол зорилго нь уншихад хялбар, хаана ч авч явах боломжтой, жижиг оврын тууж, өгүүллэгийг цувралаар гаргах явдал бөгөөд энэ хүрээнд триллер, детектив, урбан болон андерграунд чиглэлийн уран бүтээлүүдийг онцлон танилцуулж байгаа юм.
П.Батхуяг бол уран зохиолын олон төрөлд амжилттай бүтээл туурвиж ирсэн зохиолч бөгөөд бүтээл бүртээ халуун сэтгэл, гүн утга агуулга шингээдэг гэдгээрээ утга зохиолын хүрээнд өндөр үнэлгээтэй. Тэрээр нэрт зохиолч Д.Намдагийн хэлсэнчлэн “эхийн сэтгэлээр” бүтээлээ бүтээдэг уран бүтээлч хэмээгддэг.
“Миний сэтгэл-Rock” тууж нь залуу уран бүтээлчийн дотоод ертөнц, сэтгэлзүйн аяллыг тольдон үзүүлдэг. Уг зохиолд уран бүтээл туурвихуйн үеийн дотоод тэмцэл, ухамсрын гүн гүнзгий үйл явц, хувь хүний оршихуй, өөрийгөө эрэлхийлэх хүнд хэцүү аяллыг нягт дотоод өгүүлэмжээр илэрхийлжээ. Хязгаарлагдмал орчин дахь ухамсрын хүч, оршихуйн олон талт байдал зэрэг сэдвийг гүнзгий судалсан нь энэхүү туужийг онцгой болгодог.