Нүүр хуудас БоловсролФрида Калогийн “Зүүд” рекорд тогтоож, 54.7 сая доллараар зарагдлаа

Фрида Калогийн “Зүүд” рекорд тогтоож, 54.7 сая доллараар зарагдлаа

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Мексикийн домогт зураач Фрида Калогийн “Зүүд” нэртэй хөрөг бүтээл Нью-Йорк хотын Sotheby’s ордонд болсон дуудлага худалдаагаар 54.7 сая ам.долларын үнэ хүрч, дуудагджээ. Ингэснээр дуудлага худалдааны түүхэнд эмэгтэй зураачийн уран бүтээл ийм өндөр үнээр зарагдсан анхны тохиолдол болж, шинэ рекорд тогтоосон байна. Худалдан авагчийн нэр, мэдээллийг нууцласан хэвээр байна.

“Зүүд” – үүлэн дунд хөвөх ор, цэцэг тэвэрсэн араг яс

1940 онд зурсан энэхүү бүтээл дээр зураач өөрийгөө үүлэн дунд хөвж буй орон дээр нойрсож байгаагаар дүрсэлсэн бөгөөд орны дээр талаас нь тэсрэх төхөөрөмжөөр ороосон бие бүхий, цэцэг тэвэрсэн араг яс хэвтэж буйгаар буулгажээ. Хүчтэй бэлгэдэл, зүүд мэт дүрслэл бүхий энэ зураг нь Фрида Калогийн Мексикээс гадуур орших хувийн цуглуулгад хадгалагдаж буй цөөн бүтээлийн нэг юм. Түүний уран зураг, өөрийн төрсөн нутагт үндэсний баялаг, соёлын үнэт өв гэж албан ёсоор үнэлэгддэг.

Эмэгтэй зураачдын бүтээлийн үнэ цэнийг өөрчилсөн дуудлага худалдаа

Өмнө нь дуудлага худалдаагаар хамгийн өндөр үнэд хүрсэн эмэгтэй зураачийн бүтээл нь Америкийн зураач Жоржиа О’Киффийн “Цэцэг” (Datura) нэртэй зураг байв. Дурман цэцгийг дүрсэлсэн уг бүтээл 2014 онд мөн л Sotheby’s ордонд 44.4 сая ам.доллараар зарагдсан байдаг.

Фрида Калогийн хувьд энэ удаагийн дуудлага худалдаа нь өөрийнх нь хувьд ч шинэ рекорд тогтоожээ. Түүний өмнө нь хамгийн өндөр үнэ хүрсэн бүтээл бол 2021 онд 34.9 сая ам.доллараар зарагдсан “Диего бид хоёр” хэмээх зураг байсан юм. “Зүүд” түүнийг давж, Фрида Калог зөвхөн Мексикийн төдийгүй дэлхийн урлагийн зах зээл дэх хамгийн үнэтэй эмэгтэй уран бүтээлчдийн нэг гэдгийг дахин баталлаа.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх