Нүүр хуудас Нийгэм ба ярилцлагаГуравдугаар сарын цаг агаарын төлөв: Температурын огцом хэлбэлзэл

Гуравдугаар сарын цаг агаарын төлөв: Температурын огцом хэлбэлзэл

1 comment

Цаг уурын байгууллагын мэдээлснээр ирэх гуравдугаар сард Монгол орны нийт нутгаар агаарын температур тогтворгүй байж, салхи шуурганы давтамж өндөр байх төлөвтэй байна. Сарын эхний өдрүүдэд баруун нутгийн хойд хэсэг болон төв, зүүн аймгуудаар цас орж, хүйтний эрч чангарах тул хол замд гарах иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа.

Бүс нутгуудаар авч үзвэл, агаарын температур зүүн аймгуудын хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн байх бол баруун болон говийн бүсээр харьцангуй дулаан байх нь. Хур тунадасны хувьд Хэнтий, Дорнод, Сэлэнгийн нутгаар дунджаас ахиу цас орох төлөвтэй байгаа бол баруун болон говийн аймгуудад хур тунадас багатай, хуурайшилттай байна.

Гуравдугаар сарын бүс нутгийн дэлгэрэнгүй төлөв:

  • Баруун аймгууд: Сарын эхээр болон хоёр, гуравдугаар арав хоногийн сүүл үеүдэд хүйтний эрч чангарч, салхи ширүүснэ. Ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх ч шороон болон цасан шуурга шуурах магадлал өндөр байна.
  • Төвийн аймгууд: Сэлэнгэ, Хөвсгөл, Булган аймгийн нутгаар хур тунадас ахиу орно. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр олон жилийн дунджаас илүү хүйтэн байх төлөвтэй.
  • Зүүн аймгууд: Дорнод, Хэнтий, Сүхбаатарын хойд хэсгээр жавартай хүйтэн байна. Сарын турш хэд хэдэн удаагийн давтамжтайгаар цас орж, цасан болон шороон шуурга хослон шуурах төлөв ажиглагдаж байна.
  • Говийн аймгууд: Өмнөговь, Дундговь, Дорноговийн өмнөд хэсгээр дулаан байх хэдий ч сарын эхээр нийт нутгаар салхи ширүүсэж, хүйтрэх төлөвтэй байна. Сарын дунд болон сүүл үеүдэд салхи шуурганы хүч нэмэгдэх тул малчид сонор сэрэмжтэй байх шаардлагатай.

Температурын огцом өөрчлөлт үргэлжлэх тул иргэд та бүхэн цаг агаарын богино хугацааны нарийвчилсан мэдээг тогтмол авч, аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

1 comment

Хутухту 2 сар 27, 2026 - 15:33

Сүүлийн үед цаг агаар үнэхээр тогтворгүй байна

Хариулах

Сэтгэгдэл үлдээх