Монголын баг тамирчдын ёслолын, чөлөөт хувцсыг олон нийтэд үзүүллээ
“Милан–Кортина 2026” өвлийн олимпын наадамд оролцох Монгол Улсын баг тамирчдын ёслолын болон чөлөөт хувцасны цогц хослолыг албан ёсоор танилцууллаа. Ингэснээр монгол тамирчид дэлхийн томоохон спортын индэр дээр зөвхөн амжилтаараа бус, үндэстний өмсгөлийн өв соёлоороо ч анхаарал татахаар болж байна.
Хувцасны загвар, хийц, концепцийг “Гоёл Кашмер” компани хариуцан хэрэгжүүлсэн бөгөөд тэд Монголын Үндэсний Олимпын Хорооноос өгсөн үүрэг даалгаврын дагуу өвлийн олимпын тайзан дээр монгол хувцасны түүхэн өв, ноолуурын соёлыг орчин цагийн шийдлээр дахин тодруулах зорилго тавьжээ.
“Гоёл Кашмер”-ийн бүтээсэн ёслолын дээлний түүхэн суурь, загварын шийдэл
“Гоёл Кашмер” албан ёсны цахим хуудсандаа дараах мэдэгдлийг нийтэлсэн байна.
“Монгол Улсынхаа үндэстний онцлог, соёлын ялгарлыг хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон Олимпын наадмын индэрт танилцуулж, дэлхийд гайхуулах эрхэм зорилгынхоо хүрээнд Монголын Үндэсний Олимпын Хорооноос манай компанид өвлийн олимпын наадамд оролцох Монголын баг тамирчдын ёслолын хувцсыг бүтээх хүндэт үүргийг даалган, итгэл хүлээлгэж, бид бахархалтайгаар гүйцэтгэлээ. Уламжлалт дээл хувцсыг орчин үеийн загварт хослуулахаас илүүтэй, аугаа их түүх, өв соёлын маань салшгүй хэсэг болсон эртний монгол хувцасны соёлыг өнөө цагт дахин таниулж, дэлхий дахинд хүргэхийг бид машид зорив. Манай улсын хамгийн хүчирхэг түүхэн үе болох XIII–XV зууны Их Монгол Улсын үеийн дээл хувцсыг үндэс болгон бүтээсэн энэхүү загвар нь хөдөлгөөнд саадгүй хормойн оноо, салхи хүйтнээс хамгаалах мөөрөлжин зах, элэг тэвэрсэн битүү энгэр зэрэг уламжлалт шийдлийг хадгалсан бөгөөд зөөлөн тансаг монгол ноолуурыг гоёмсог торгоор эмжин, уламжлалт эвэр угалз хээг хатган, ёслол хүндэтгэлийн хэв маяг шингээснээрээ онцлогтой. Нүүдэлчин ард түмэн бидний хатуу өвлийг даван туулахад түшиг болж ирсэн Монгол ноолуураар уламжлалт түүх соёлыг хадгалсан ёслолын дээл болон барууны соёлд түгэн дэлгэрсэн уулын цанын ноосон цамцнаас сэдэвлэж, монгол гэр, ахуйн дүрслэлээр баяжуулсан ноолууран сүлжмэл чөлөөт хослолуудыг дээд зэргийн чанараар урлалаа. Хэдэн мянганы туршид төв Азийн өндөрлөгийн мөнх өвлийг туулж ирсэн Монголчууд бидний тэсвэр хатуужил, ур ухаан, дайчин чанарыг дэлхийн спортын тавцанд тодотгон харуулж, бахархалтайгаар тунхаглая” гэжээ.
Танилцуулсан загварын үндэс нь XIII–XV зууны Их Монгол Улсын үеийн дээл хувцас бөгөөд хормойн оноо, мөөрөлжин зах, битүү энгэр зэрэг уламжлалт хийцийн онцлогийг бүрэн хадгалсан байна. Эдгээр элемент нь тамирчдын хөдөлгөөнд саад болохгүй, хатуу хүйтэн, салхинаас хамгаалах практик үүрэгтэйгээс гадна түүхэн өнгө төрх, үндэсний хэв шинжийг тодотгож байгаа юм.
Ёслолын хувцсанд зөөлөн монгол ноолуурыг торгон эдлэлээр чимэглэж, уламжлалт эвэр угалз хээг хатган, албан ёсны, ёслолын уур амьсгалыг бий болгосон бол чөлөөт загварын хослолд барууны уулын цанын ноосон цамцнаас санаа авч, монгол гэр, ахуйн дүрслэл, нүүдэлчин амьдралын бэлгэдлийг сүлжмэл хээ, шийдлээр тусгасан байна.
Монгол ноолуур, нүүдэлчин тэсвэрийн бэлгэдэл олимпын тайзан дээр
Ёслолын дээл болон ноолууран чөлөөт хослолын гол материал нь монгол ноолуур. Энэ нь олон зуун жилийн турш хатуу өвлийг даван туулж ирсэн нүүдэлчдийн амьдралын салшгүй хэсэг төдийгүй өнөө цагт тансаг, өндөр чанартай байгалийн түүхий эдээр дэлхийд танигдсан бүтээгдэхүүн болжээ. Тамирчдын хувцсанд ноолуурыг ашигласнаар дулаан, тав тухыг хангахаас гадна монголчуудын амьдралын хэвшил, ухаан, тэсвэр хатуужлыг бэлгэдлийн түвшинд илэрхийлж байна.
Ийнхүү “Милан–Кортина 2026” өвлийн олимпын наадамд оролцох Монголын баг тамирчид XIII–XV зууны түүхэн дээлний шийдэл, орчин үеийн кутюр ноолуурын урлалыг хослуулсан ёслолын хувцас, мөн монгол ахуйг агуулсан ноолууран чөлөөт хослолоор дэлхийн спортын тайзан дээр гарч, үндэсний соёл, иргэншлээ дахин нэг удаа онцгойлон таниулах гэж байна.











