BLACKPINK-ийн Lisa арваннэгдүгээр сарын 12-нд Лас-Вегас дахь «Viva La Lisa» бие даасан цуврал тоглолтоо эхлүүлж байна. Ингэснээр тэрээр тус хотод нэг тайзнаа тогтмол тоглох резиденси шоу зохион байгуулсан анхны K-pop уран бүтээлч болжээ.
Тоглолтууд Celine Dion, Elton John зэрэг алдартнуудыг хүлээн авч байсан Caesars Palace-ийн Colosseum танхимд болно.
Эрэлтээс шалтгаалан хоёр тоглолт нэмсэн байна
Анх дөрвөн тоглолт хийхээр төлөвлөсөн ч тасалбарууд ердөө арван минутын дотор борлогдож дуусжээ. Үүний дараа хоёр өдөр нэмж, нийт зургаан тоглолт хийхээр болсон байна.
«Viva La Lisa» шоу арваннэгдүгээр сарын 12–14, 27–29-нд үзэгчдэд хүрнэ.
Тайзнаа гарахын өмнө сунгалт хийж, залбирдаг
Lisa Vogue-ийн «Lisa Is Officially A Showgirl» ярилцлагадаа тоглолтын бэлтгэлийнхээ талаар хуваалцжээ. Олон удаагийн аялал, удаан хугацааны нүүр будалтаас шалтгаалан арьсандаа онцгой анхаарч, «эрүүл, гэрэлтсэн» байлгахыг зорьдгоо хэлсэн байна.
Мөн тайзан дээр гарахаасаа өмнө сунгалт хийж, хэсэг тайвшран, залбирдаг тухайгаа ярьжээ.
Энэхүү шоу нь BLACKPINK-ийн үйл ажиллагаанаас тусдаа, Lisa-гийн бие даасан карьерын нэг хэсэг юм. Тэрээр 2024 онд LLOUD компаниа байгуулснаас хойш дуу хөгжмөөс гадна жүжиглэлт, загвар, дэлгэцийн бүтээлийн салбарт хүрээгээ тэлж, «The White Lotus» цувралын гуравдугаар улиралд тоглосон билээ.