Нүүр хуудас Боловсрол“Нөхөрлөлийн өнгө” үзэсгэлэн Монгол, Энэтхэгийн өв соёлыг хүүхдээр “ярьж” байна

“Нөхөрлөлийн өнгө” үзэсгэлэн Монгол, Энэтхэгийн өв соёлыг хүүхдээр “ярьж” байна

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Үзэсгэлэнг 70 жилийн ойн хүрээнд хамтран нээлээ

“Нөхөрлөлийн өнгө” нэртэй хүүхдийн дүрслэх урлаг, гар урлалын бүтээлийн үзэсгэлэнг Монголын Хүүхдийн урлан бүтээх төвд өчигдөр /2025.12.18/ нээлээ.

Тус үзэсгэлэн нь Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улс дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулсан арга хэмжээ бөгөөд БНЭУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ болон Монголын Хүүхдийн урлан бүтээх төв хамтран зохион байгуулж байна. Зорилго нь хоёр орны нөхөрлөл, өв соёлыг хүүхдийн уран бүтээлээр дамжуулан олон нийтэд хүргэхэд чиглэжээ.

Үзэсгэлэн, уралдаанд 8–18 насны хүүхдүүд уран зураг, гар урлал гэсэн хоёр төрлөөр Монгол орны өнцөг булан бүрээс 700 гаруй бүтээлээ ирүүлэн оролцож байна.

Элчин сайд хүүхдүүдийн уран сэтгэмж, утга агуулгыг онцоллоо

Нээлтийн үеэр БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурвэ, “Монголын олон авьяаслаг хүүхдүүдийн зурсан гайхалтай бүтээлүүдийг өөрийн нүдээр харж, тэдний ур чадвар, уран сэтгэмжийг үнэхээр биширлээ. Энэ нь манай хоёр орны соёлын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлж буй чухал үйл явдлын нэг юм. Үзэсгэлэнд хүүхдүүдийн нүдээр Энэтхэг, Монголын найрамдал, эв нэгдлийг дүрсэлсэн сэтгэл хөдөлгөм, утга агуулга бүхий бүтээлүүд дэлгэсэн байна. Цаашид энэхүү сайхан уламжлалыг үргэлжлүүлэн зохион байгуулна” хэмээн онцлов.

Шилдэг бүтээлүүдэд “арга билиг”, шашин, соёлын бэлгэдэл багтжээ

Ахлах төрөлд тэргүүн байр эзэлсэн Э.Хонгорзул бүтээлийнхээ тухай, “Энэхүү бүтээлээрээ Монгол, Энэтхэг хоёр орны өвөрмөц, баялаг, өргөн уудам соёлыг хүүхдүүдэд ойлгомжтой, сонирхолтой байдлаар таниулахыг зорьсон. Зураг зурах явцдаа би өөрөө ч олон шинэ зүйл сурч, мэдэж авсан” хэмээн ярив.

Тэрээр мөн зохиомжийн үндсэн санаагаа тайлбарлахдаа, “Зургийн зохиомжоор арга билгийг дүрсэлсэн. Арга билиг нь манай хоёр орны хувьд маш үнэ цэнтэй, гүн утга агуулгатай бэлгэдэл юм. Энэтхэгийн соёлд арга билиг нь эсрэгцсэн хоёр хүч нэгдэн зохицож буйг илэрхийлдэг бол Монголд адил эв зохицол, тэнцвэрийг бэлгэддэг. Энэтхэг орныг заан толгойтой бурхан болох Ганешаг дүрсэлж, зургийн төв хэсэгт Буддын шашныг бэлгэдэн бурхан багшийг байрлуулсан. Учир нь Монгол, Энэтхэг хоёр улс буддын шашинтай орон юм. Энэтхэгийн хэсгийг зурахдаа Мандала зургийн хэв маягийг ашигласан. Энэтхэгийн уран зургийг судалж үзэхэд мандала хэв маяг түгээмэл байдаг нь надад их сонирхолтой санагдсан. Харин монгол орноо монгол гэр, морин хуур, уртын дуу, тэмээ, аж ахуй, үндэсний хувцас зэрэг өв соёлоор илэрхийлэн дүрсэлсэн” гэв.

Орон нутгийн хүүхдүүдийн хамтарсан баримал “Энхийн холбоо”-гоор шалгарчээ

Сэлэнгэ аймгаас бүтээлээ ирүүлж, ахлах насны гар урлалын төрөлд “Энхийн холбоо” хамтарсан бүтээлээр дэд байрт шалгарсан Ч.Анхзаяа, М.Оюун-Эрдэнэ нар өөрсдийн хийц, санааг танилцууллаа. Тэд “Бид хоёрын бүтээлийн онцлог нь хананд өлгөдөг зураг бус, гурван хэмжээст, биет хэлбэртэй юм. Мөн баримлын шавраар хийж, суурь болон зарим хэсгийг модоор урлан бүтээсэн” хэмээн онцлов.

Түүнчлэн бүтээлдээ ямар дүрслэл оруулснаа тайлбарлахдаа, “Бүтээлдээ дэлхийн хамгийн том морьт хөшөө болох “Цонжин Болдог”-ийн хөшөөг, Энэтхэгийн “Шива” бурхны хөшөөг оруулсан. Арга билгээр тэнгэр газар, орон зайгаар дамжин хоёр улс хоорондоо холбож буйг харуулсан. Үүний нэг илэрхийлэл нь онгоцны дүрслэл юм. Тэнгэрээр дамжин Монгол, Энэтхэгийг холбож, энх тайван, эв найрамдлыг бэлгэдсэн.

Энэ бол бид хоёрын хамтран хийсэн анхны бүтээл. Өмнө нь баримлын чиглэлээр огт ажиллаж үзээгүй ч багшийнхаа урам зоригоор анх удаа мод хөрөөдөж, нааж, гарын ур дүйгээ сорьсон нь маш сонирхолтой, дурсамжтай туршлага болсон. Энд ирээд бусад хүүхдүүдийн бүтээлийг харахад “ямар мундаг, авьяастай хүүхдүүд вэ, бид ч бас улам сайжирч, гар урлалын чиглэлээр цаашид хөгжмөөр байна” гэсэн хүсэл, урам зориг төрсөн. Мөн орон нутгийн хүүхдүүд ч ийм томоохон үзэсгэлэн, уралдаанд оролцож болохыг харууллаа” хэмээв.

700 гаруй бүтээл дэлгэгдэж, үзэсгэлэн 25-ныг хүртэл үргэлжилнэ

Үзэсгэлэнд төвийн суралцагчдаас гадна Увс, Өмнөговь, Хэнтий, Дорнод зэрэг олон аймгаас ирүүлсэн нийт 700 гаруй бүтээл дэлгэжээ. Уралдааны хувьд уран зургийн төрөлд гурван насны ангиллаар, харин гар урлалын төрөлд нээлттэй байдлаар өрсөлдүүлж, шилдгүүдэд шагнал гардуулсан байна.

“Нөхөрлөлийн өнгө” үзэсгэлэн энэ сарын 25-ныг хүртэл үргэлжилнэ.

“Нөхөрлөлийн өнгө” үзэсгэлэн Монгол, Энэтхэгийн өв соёлыг хүүхдээр “ярьж” байна
“Нөхөрлөлийн өнгө” үзэсгэлэн Монгол, Энэтхэгийн өв соёлыг хүүхдээр “ярьж” байна
“Нөхөрлөлийн өнгө” үзэсгэлэн Монгол, Энэтхэгийн өв соёлыг хүүхдээр “ярьж” байна

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх