Реппер ThunderZ-ийн “Tengri: Gegeen” бүтээл цацагдсан цагаас хойш ердөө тав хоног өнгөрөөд байхад уг дуу YouTube сувгаар хоёр сая гаруй үзэлт авч, цахим орчинд хүчтэй тархаж байна.
Тэрээр энэ эрчийг үргэлжлүүлэн энэ оны тавдугаар сарын 23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд “Тэнгри” нэртэй бүрэн хэмжээний бие даасан тоглолт хийхээ зарлаад байна. Ингэснээр дууны амжилт, тайзны том шоу хоёр зэрэгцсэн соёлын үйл явдал болох төлөвтэй байна.
“Оройгүй сүм” роман борлуулалтаар толгой цохив
ThunderZ-ийн шинэ дуу гарсантай зэрэгцэн Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Лодонгийн Түдэвийн “Оройгүй сүм” роман дахин олны анхаарлын төвд орлоо.
Номын дэлгүүрүүдийн мэдээллээр тус роман богино хугацаанд хамгийн эрэлттэй номын нэг болж, борлуулалтаараа жагсаалтыг тэргүүлэх болсон байна. “Интерном” номын дэлгүүрийн энэ долоо хоногийн хамгийн их борлуулалттай номын жагсаалтыг “Оройгүй сүм” тэргүүлж буй талаар мөн албан ёсоор мэдээлжээ.
Аудио хувилбарын сонсогч ч огцом нэмэгдэв
Зөвхөн хэвлэмэл хувилбар төдийгүй “Оройгүй сүм” романы аудио хэлбэрийг сонсогчдын тоо ч мэдэгдэхүйц өсчээ. Аудио номын платформууд дээр уг бүтээлийг сонсож буй хүний тоо улам нэмэгдэж, сонсогчид романыг шинэ хэлбэрээр дахин нээж буй нь ажиглагдаж байна.
Ингэснээр нэг шинэ уран бүтээл хуучин сонгодог зохиолын эрэлт, хэрэглээг зэрэг сэргээж, уран зохиол, хөгжмийн хооронд хүчтэй “крест эффект” үүсэж байгааг харуулж байна.
ThunderZ: “Нөлөөлөл гэж үүнийг хэлдэг”
Өрнөж буй энэ өөрчлөлтийн талаар реппер ThunderZ буюу Б.Өлзий-Учрал өөрийн цахим хуудсандаа богинохон тайлбар үлдээжээ. Тэрбээр:
“Нөлөөлөл гэж үүнийг хэлдэг”
хэмээн бичиж, өөрийн дууны нөлөөгөөр монголын уран зохиолын нэгэн чухал бүтээл дахин анхаарлын төвд орж байгааг онцолсон байна.