Ази, Номхон далайн бүсийн ЮНЕСКО-ийн Соёлын төв (ACCU)-өөс зохион байгуулдаг залуучуудын нэр хүндтэй хуралдаан болох гэж байна. Энэ жилийн “Bridge Across Asia Conference 2026 – From Waste to Action: Connecting Youth Across Asia for Change” олон улсын цахим хөтөлбөрт эх орноо төлөөлөн оролцох ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 4 сурагчийг сонгон шалгаруулахаар бүртгэлийг албан ёсоор эхлүүллээ.
Тус хөтөлбөр нь Монгол, Япон, БНСУ, Тайланд, Энэтхэг улсын ахлах ангийн суралцагчдыг нэг дор нэгтгэж, тэдний соёл хоорондын ойлголцлыг бэхжүүлэх суурь зорилготой. Оролцогч залуус дэлхий дахинд тулгамдаад буй хүрээлэн буй орчны асуудлуудыг олон өнцгөөс хэлэлцэж, хамтын шийдэл боловсруулахад суралцах юм. 2026 оны хөтөлбөр нь “From Waste to Action: Connecting Youth Across Asia for Change” гэсэн үндсэн сэдвийн хүрээнд өрнөнө.
Хөтөлбөрийн давуу тал ба боломжууд
Уг хөтөлбөр нь 2026 оны 8 дугаар сарын 3, 4, 5, 7-ны өдрүүдэд цахим хэлбэрээр, англи хэл дээр зохион байгуулагдах хуваарьтай байна. Хөтөлбөрт амжилттай хамрагдсанаар сурагчид хувь хүний хөгжлийн болон олон улсын харилцааны дараах боломжуудыг өөртөө нээх юм.
- Азийн орнуудын үе тэгш үеийнхэнтэйгээ соёлын солилцоо хийх
- Хог хаягдал болон байгаль орчны тулгамдсан асуудлаар олон улсын хэлэлцүүлэгт дуу хоолойгоо хүргэх
- Багаар ажиллах зарчимд суурилсан сонирхолтой төслүүдийг хэрэгжүүлэх
- Олон улсын баг хамт олонтой хамтран богино хэмжээний видео контент бүтээх
- Англи хэлний харилцааны чадвар, олон нийтийн өмнө илтгэх болон багаар ажиллах ур чадвараа хөгжүүлэх
Тавигдах шаардлага ба бүртгэл
Хөтөлбөрт бүртгүүлэхийг хүсэгчид нь ЕБС-ийн ахлах ангийн сурагч байх бөгөөд англи хэлээр өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх харилцааны чадвартай, тогтвортой хөгжлийн асуудалд сонирхолтой байх шаардлагатай. Мөн хөтөлбөрийн бүх өдрүүдийн үйл ажиллагаанд тасралтгүй, бүрэн хамрагдах боломжийг хангасан байх ёстой бөгөөд сонирхсон сурагчид 2026 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 23:59 цагаас өмнө https://forms.gle/BCoL6q9dbpPzT4EN8 холбоосоор нэвтэрч бүртгүүлнэ үү. Сонгон шалгаруулалтад тэнцсэн, дараагийн шатанд сонгогдсон оролцогчидтой зохион байгуулагчдын зүгээс эргэн холбогдох болно.