Нүүр хуудас БоловсролДуучин С.Гантогоо солонгос хэлний төв нээхээр боллоо

Дуучин С.Гантогоо солонгос хэлний төв нээхээр боллоо

0 сэтгэгдэлүүд

Урлагийн тайзнаас анги танхим руу шилжих том шийдвэр

Дуучин С.Гантогоо уран бүтээлийн ажлынхаа зэрэгцээ солонгос хэлний сургалтын төв ажиллуулахаар болжээ. Тэрээр энэ тухайгаа өөрийн цахим хуудсаараа дамжуулан нийтэлсэн байна.

“Өчигдөр түрээсийн гэрээгээ зурчихлаа” гэж мэдэгдэв

Тэрээр бичихдээ, “Гантогоо нь нэгэн том шийдвэр гаргаж солонгос хэлний сургалтын төв болон сургууль зуучлалын төвийнхөө түрээсийн гэрээг өчигдөр зурчихлаа.

Гэрээгээ хийчхээд энэ хоосон заалны голд хэсэг чимээгүй суухдаа сэтгэл минь маш их хөдөллөө. Бодол минь цэгцэрч өөртөө “Гантогоо минь, чи чадна аа” гэж ахин дахин урам өгч суулаа.”

Мөрөөдөл ба бодит амьдралын огтлолцол

Тэр өөрийн эхлэлээ “маш энгийн” байсан гэж тодорхойлж, МУБИС-ийг газарзүйн багш мэргэжлээр нэгт эрэмбэлэгдэн төгссөн ч дуучин болох мөрөөдөлдөө хүрэхийн тулд мөнгө шаардлагатай болсон тухайгаа дурдсан байна. Ингэснээр их сургуулиа төгсмөгцөө Солонгос руу ажил хийхээр зорьжээ.

“Хар ажил”-ын хүнд өдрүүдээс хэлний чадвар руу

Солонгост таван жил хөдөлмөрлөхдөө тэр өөртөө нэг зарчим тогтоосноо онцолсон байдаг. Өдөр бүр ганц шинэ үг цээжлэх энгийн дадлаар эхэлж, нэг жилийн хугацаанд өдөр тутмын 365 үгийг мартахын аргагүй тогтоосноо бичжээ. Дуу сонирхдог учраас солонгос дуунуудыг орчуулж, утгыг нь ухаж суусаар хэлээ бие даан ахиулж чадсан гэжээ.

Хүмүүсийн яриаг ойлгож эхлэх, өөрийгөө ойлгуулж чаддаг болох тэр мөчийг тэр “маш гоё мэдрэмж” хэмээн тодорхойлсон байна.

“Хэлтэй бол хөлтэй” гэдгийг биеэрээ мэдэрсэн нь

Тэр “Хэлтэй бол хөлтэй” гэдэг үгийн үнэн чанарыг өөрийн амьдрал дээрээ бүрэн мэдэрсэн тухайгаа тэмдэглэж, хэл сурснаар олон боломж нээгдсэн гэжээ. Үүний дараа тэр Солонгост ажиллах хугацаандаа дууны тэмцээнүүдэд идэвхтэй оролцож эхэлсэн байна.

Том тайз, том боломжуудын эхлэл

Тэрээр Солонгосын үндэсний хэмжээний “SUPER STAR K3” тэмцээнд оролцож, 2 сая гаруй оролцогчоос шилдэг 48-д үлдэж байсан тухайгаа бичжээ. Мөн тэр үед BTS хамтлагийн Jung Kook хүртэл хамт өрсөлдөж байсныг онцолсон байна.

Түүнчлэн гадаад иргэдийн дундах хамгийн том тэмцээнүүдийн нэг “MIGRANT SONG FESTIVAL”-д таван удаа оролцож, эцэст нь гранпри шагнал хүртсэн анхны Монгол хүн болсон билээ.

“Урлагийн виз” хүртэлх онцгой замнал

С.Гантогоо олон улсын дуулаачдын MONTANT байгууллагад тэнцэж, Солонгост ажилчны визээс “Урлагийн виз” авсан цорын ганц хүн болсон тухайгаа өгүүлсэн байна. Үүний зэрэгцээ Солонгосын олон телевизийн нэвтрүүлэгт уригдан оролцож, тэр дундаа тухайн үедээ дэлхийд алдартай “STAR KING” нэвтрүүлэгт орсны дараа хүмүүс гудамжинд таньж, зургаа татуулах болсон дурсамжаа онцолсон байна.

Монголд ирээд “Яг түүн шиг”-ээр амжилтаа үргэлжлүүлэв

Тэрээр Монголдоо ирсний дараа “Яг түүн шиг” шоунд уригдан, амжилттай оролцсон нь эх орондоо аз жаргалтай, бүтээлээр дүүрэн амьдрах мөрөөдлийнх нь нэг хэсэг болсон гэжээ.

Олон хүнд хэл зааж, сургуульд зуучилж эхэлсэн туршлага

С.Гантогоо өөрийн зургаан дүү болон хамаатан садан, найз нөхдийнхөө олон арван хүүхдүүдэд солонгос хэл зааж, Солонгосын KOREA, KONKUK зэрэг шилдэг сургуулиудад оруулан сургаж байгаагаа дурдсан байна.

Алдаа, алдагдал, дампуурал байсан ч бууж өгсөнгүй

Тэрээр зам үргэлж дардан байгаагүйг нуулгүй бичжээ. Бизнесийн санаагаа алдах, ашиглуулж хууртагдах, ковидын үед үйлчилгээний газар нээгээд их хэмжээний алдагдал хүлээн дампуурах зэрэг хүнд үеүд тохиосон байна. Гэхдээ тэр бууж өгөөгүй бөгөөд солонгос хэлээ онлайнаар зааж эхэлснээр дахин босож чадсан гэжээ.

“ХАЙРЫН ӨРГӨӨ” болох сургалтын төвийн нээлт хэзээ вэ

Түүний бичсэнээр, одоогийн хоосон заал удахгүй олон залуусын хүсэл мөрөөдөлдөө хүрэх гарц болж, баяр хөөр, аз жаргалаар дүүрсэн “ХАЙРЫН ӨРГӨӨ” болно гэдэгтээ итгэлтэй байгаа аж.

Түүний сургалтын төв нь 2026 оны гуравдугаар сарын 19-ний өдөр үүд хаалгаа нээх бөгөөд солонгос хэлний ангидаа суралцагчдаа элсүүлж, сургууль зуучлалын ажлаа эхлүүлэхээ мэдэгдсэн байна. Саяхан Солонгост очихдоо магадлан итгэмжлэгдсэн шилдэг сургуулиудтай хамтран ажиллах гэрээгээ баталгаажуулаад ирсэн гэжээ.

Итгэл үнэмшил, тууштай байдлын тухай төгсгөл

Тэр нийтлэлдээ амжилтад хүрдэг хүмүүсийн тухай өөрийн бодлоо мөн хуваалцсан байна. Түүний хэлснээр амжилтад хүрэгчид заавал “сэтгэлзүйн хувьд хүчтэй” байдаггүй, харин “бууж өгөх” гэдэг үгийг үгийн сангаасаа бүр мөсөн арчсан хүмүүс байдаг гэжээ.

“Болно, бүтнэ” – Итгэл үнэмшил.
”Одоо л хийнэ” – Цаг бүү алд.
”Шалтаг хэрэггүй” – Хариуцлага.
”Үхчих биш дээ” – Айдсаа давах.
”Заавал дуусгана” – Тууштай байдал.
”Би биш бол хэн гэж?” – Өөртөө итгэх итгэл.
”Би заавал ялна” – Эцсийн зорилго.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх