“Соёлын биет бус өвүүд-2” маркийн нээлт 2025.12.19-нд боллоо
“ЮНЕСКО-д бүртгүүлсэн Монголын соёлын биет бус өвүүд-2” сэдэвт шуудангийн маркийн нээлт 2025.12.19-нд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яаманд болжээ.
Монгол Улс ЮНЕСКО-д 17 соёлын биет бус өв бүртгүүлсэн байна
2024 оны байдлаар Монгол Улс нийт 17 соёлын биет бус өвийг (СББӨ) ЮНЕСКО-д бүртгүүлсэн байна. Үүнээс “Монгол шуудан” ХК 2019 онд “ЮНЕСКО-д бүртгэгдсэн Монголын соёлын биет бус өвүүд” нэртэй анхны цуврал маркийг хоёр блок, таван нэрээр гүйлгээнд гаргаж байсан юм.
Шинэ цувралд найман өвийг дүрслэн харуулжээ
Анхны цувралын үргэлжлэл болсон “ЮНЕСКО-д бүртгүүлсэн Монголын соёлын биет бус өвүүд-2” сэдэвт хоёр дахь цуврал марк нь хоёр блок, зургаан нэртэй бөгөөд Монголын найман соёлын биет бус өвийг дүрслэн харуулсан байна. Үүнд:
Монгол тууль (2009)
Монголын уламжлалт Хөөмэйн урлаг (2010)
Монгол баяр наадам (2010)
Монгол лимбэчдийн уртын дуу тоглох уламжлалт арга барил-битүү амьсгаа (2011)
Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл (2013)
Ботго авхуулах зан үйл (2015)
Уул овоо тахих Монгол зан үйл (2017)
Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл (2019)
17 өвөөс 15 нь шуудангийн марк болж хэвлэгдлээ
Энэ удаагийн цуврал гарснаар ЮНЕСКО-д бүртгэлтэй Монголын 17 соёлын биет бус өвөөс 15 нь шуудангийн марк хэлбэрээр хэвлэгдсэн байна.
Марк Францад хэвлэгдэж, шуудангийн салбаруудаар худалдаална
Цуврал маркийг Бүгд Найрамдах Франц Улсад хэвлэсэн бөгөөд сонирхсон хүмүүс хот, хөдөөгийн шуудангийн салбаруудаас худалдан авах боломжтой ажээ.

